www.news.mn сайтад албан ёсоор ажилладаггүй боловч өөрийн бичсэн нийтлэл, бичлэгээ манай сайтад нийтлүүлж, олны хүртээл болгосон шилдэг нийтлэлчийг жил бүр шалгаруулж, шагнан урамшуулдаг уламжлалтай. 2014 оны нэр хүндтэй шагналын эзнээр судлаач, нийтлэлч Д.Баярхүү тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Тэрбээр өнгөрсөн 2014 оны турш www.news.mn –ийн хамгийн идэвхтэй нийтлэлч байсан төдийгүй олны анхаарлыг татсан “Украины сонгууль: Славяны ертөнцийг задлах уу, эсвэл Европын хэтийн ирээдүйг угтах уу?”, “Гадаад бодлого дээр Монголын жинг нэмэх бодлогын нэг ялалт” зэрэг нийтлэлүүдээрээ шилдгийн шилдэг нийтлэлчээр тодорсон юм.
“Оны шилдэг нийтлэлч”-ийн шагналаа гардсаны дараа судлаач, нийтлэлч Д.Баярхүү хэлэхдээ:
–www.news.mn сайтын хүндтэй шагналаар шагнуулсандаа баяртай байна. Хэдийгээр сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн хүн биш боловч олон жилийн өмнөөс хоббигоороо бичиж нийтэлсээр ирсэн. Баасан гариг бүрт бичсэн нийтлэлийг маань хүмүүс www.news.mn сайтаас уншлаа гэж надад хэлдэг. Baabar.mn-ийн нийтлэлчдийн бүтээл танай сайтад хамгийн түрүүн ордог болоод тэр л дээ.
Нөгөөтэйгүүр, сэтгүүлч уран бүтээлч та бүхэнтэй хамгийн ойр ажилладгийн хувьд, социализмын хатуу хяналттай үеэс хэвлэл мэдээллийн байгууллагад редактораар ажиллаж байсны хувьд анхааруулга болгож хэлэх зүйлс зөндөө байдаг. Хүмүүсийн алдааг зориг гарган хэлж, алдаагаа хамтдаа засахыг хичээдэг. Өнөөдөр хэлэлцээ, хэлэлцээр хоёроо ялгахгүй зөрүүлж бичдэг сэтгүүлчид цөөнгүй болжээ. Үг үсэг, утга агуулгын алдаагаа засч ажиллахыг сэтгүүлчдэд хандан уриалмаар байна хэмээн өгүүлсэн юм.
www.news.mn сайтын хамт олон 2014 оны шилдэг нийтлэлч судлаач, нийтлэлч Д.Баярхүүг редакцийн уулзалтад урилаа. Уулзалтын сэдэв олон улсын харилцааны тулгамдсан асуудал байх бөгөөд энэ талаарх сонирхолтой нийтлэлийг манай сайт тун удахгүй уншигчдадаа хүргэх болно.
Д.ЦЭЭНЭ