Парис хотод орших “Charlie Hebdo” сэтгүүлийн оффист гал нээж, 12 хүний амийг хөнөөсөн халдлагад Францын гурван иргэнийг эрэн сурвалжилж байна. Францын цагдаагийн газраас Парис хотод оршин суудаг ах дүү 35 настай Саид Коуачи, 33 настай Чериф Коуачи, Реймс хотын оршин суугч 19 настай Хамид Моурад нарыг сэжиглэн эрэн сурвалжилж байгааг “Reuters” агентлаг мэдээлжээ. Халдлага үйлдэгчдийн нэгийнх нь иргэний үнэмлэх автозамын хажууд орхисон автомашинаас олджээ. Зэвсэгт этгээдүүд оффист халдлага үйлдсэнийхээ дараа хар өнгийн автомашинд хөлөглөн зугтсан аж. Үүний зэрэгцээ халдлага үйлдэгчдийн нэг нь автомашинд суухаасаа өмнө “Үүнийг Йемен дэх аль-Каида бүлэглэл хийсэн гэж хэвлэлийнхэнд хэлээрэй” хэмээн хашгирсан тухай Францын “20 Minutes” сонинд мэдээлжээ.
Францын цагдаагийн газраас мэдээлснээр Чериф Коуачи 2005 онд Исламын улс зэвсэгт бүлэглэлд нэгдэхээр Ирак руу явах гэж байхдаа баривчлагдаж, 2008 онд 18 сар шоронд ял эдэлжээ.
Халдлагын дараа Францын Засгийн газраас онц байдал зарлан, нийтийн тээврийн үйлчилгээний төв газрууд, шашны сүм хийд, их дэлгүүр зэргийн хамгаалалтыг нэмэгдүүлжээ.
Европын орнуудаас Францад мусульман шашинтнууд ихээр оршин суудаг юм. Өмнө нь 1995 онд Парис хотноо Алжирийн исламын зэвсэгт бүлэглэлийн (GIA) дайчид галт тэргэнд халдаж, тэсрэх бөмбөг дэлбэлснээс найман хүн амь үрэгдэж, 150 хүн гэмтэж бэртсэн халдлага гарч байжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters