Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр өглөө 08.00 цагийн орчимд хуралдаж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг томилжээ. Түүний нэрийг Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд санал болгосон юм байна.
Тус намын дүрэмд зааснаар ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох бол намын дарга нэр дэвшигчийг санал болгоно гэж заасан байдаг тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж мэдэгдэж байсан. Мөн Ардчилсан нам Их хурлаа ирэх гуравдугаар сард зарлан хуралдуулахаар товлосон байгаа тул тэр үед намын ерөнхий нарийн бичгийн даргыг жинхэлнэ.
Онцлоход, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх томилогдож магадгүй тухай хэвлэлүүд бичиж байлаа.
Гэхдээ УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярыг ерөнхий нарийн бичгийн даргад санал болгосноор хэсэг хугацаанд эзгүй байсан суудал эзэнтэй боллоо.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь МҮОНРТ-ийн захирлаар томилогдсон тул орны хүнийг томилох шаардлаг үүсээд байсан юм.
Г.ДАРЬ