МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, лам Ч.Эрдэнэбаатарын “Монгол ухааны эрхин хэлхээ” сургаал шүлгийн номын нээлт “Интерном”-д болж, 2015 оны шинэ бүтээлийн салхийг хагаллаа. Уйгаржин монгол бичиг, кирил үсгээр хэвлэж, монгол зургаар чимэглэсэн сургаал шүлгийн номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн яруу найргийн шагналт Г.Мэнд-Ооёо эрхшээн соёрхсон байна. Ном нээх, аравнайлах ёслолд “Монгол ухаан уламжлан өвлүүлэх төв”-ийн лам нар, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Ай.Төмөр-Очир, Ж.Нэргүй, хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Б.Магсаржав, хэвлэл, мэдээллийнхэн оролцсон юм. Шинэ номыг зохиогч, судлаач, шүүмжлэгчид ингэж дүгнэж байна.
Ч.Эрдэнэбаатар /номын зохиогч/: Өнгөрснөө мартах аюултай
-Монголчууд бид өвөг дээдсээс уламжлан ирсэн үндэсний хэл, бичиг үсгийн соёлтой ард түмэн. Түүнийгээ үеийн үед дээдэлж, уламжлан өвлүүлэх үүрэг хүн бүрт бий. Миний номын гол санаа нь хэдэн зуун жил ам дамжиж ирсэн сургаал үг, цээрлэх ёс, зан заншлыг судлан үзэж, уламжлалт монгол яруу найргийн хэв шинжээр шүлэглэн өгүүлж, уран бүтээл болгон уншигч олонд хүргэж байна. Ер нь монголчууд эрт үеэс үр хүүхдээ гэрийн сургуулиар зөв төлөвшүүлж ирсэн. Тухайлбал, хаалга алдалж зогсдоггүй, хар ус самардаггүй, хайч ангайлгаж орхидоггүй гэхчлэн маш олон цээрлэх ёс байжээ. Харин өнөөгийн нийгэм даяарчлагдан хөгжих тусам нүүдэлчин соёл, иргэншлийн дархлаа суларч, хойч үеийнхэн үндэснийхээ хэл соёл, түүх шаштирыг мартах, хуучин үзэл хэмээн үл тоох шинж ажиглагдаж байна. Аливаа улс үндэстэн өнгөрснөө мартах тусам мөхөх аюултайг хүн болгон санаж явах учиртай.
До.Цэнджав /Соёлын гавьяат зүтгэлтэн/: Боловсролын салбарт үнэтэй бүтээл
-Ном болгон өөрийн онцлогтой байдаг. Яруу найрагч, лам Эрдэнэбаатарын “Монгол ухааны эрхин хэлхээ” ном нэр нь хүртэл сонирхолтой юм билээ. Монголчууд эрхиний тоогоор 108-д бүгдийг багтаадаг. 108 суварга гэж бүтээдэг. Түүн шиг номд 108 сургаал шүлэг багтжээ. Сургаал гэдэг сургууль гэсэн үг. Монголчууд хүүхдийг хар багаас нь монгол үг сургаалаар хүмүүжүүлж ирсэн. Одоо ч тэр уламжлал тодорхой хэмжээнд бий, арай ч тасраагүй бүдэг бадаг байна. Дэлхий даяаршиж байгаа өнөө үед монгол ардын амаар дамжиж амьд хууль болж ирсэн сургаал үгийг бүтээл болгож яруу найргийн аргаар хүний зүрх сэтгэлд маш түргэн хүргэхэд энэ ном үнэхээр үнэ цэнэтэй. Энэ номыг боловсролын систем, ялангуяа уран зохиолын сургалтад шууд хэрэглэх хэрэгтэй юм билээ. 4-6 дугаар ангийн сургалтад энэ номыг оруулаасай гэж багш хүн, сурган хүмүүжүүлэгчийн хувьд үзэж байна.
Б.Магсаржав /Хэл бичгийн ухааны доктор/: Уншигчдаа ухаанаар ташуурджээ
-Сонирхолтой ном болсон байна. Нэгд, монголчуудын цээр үг, цэцэн үгийг цуглуулан яруу найргийн хэлбэрт оруулж ном болгосон нь ихээхэн ач тустай зүйл болжээ. Манай өсвөр үе, залуус маань монгол ёс заншил, өвгөд дээдсийнхээ мэргэн ухааныг мэдэхээ больсон. Тиймээс түүнийг цуглуулж өгч байна гэдэг том буян юм.монголчуудын цээр үг, цэцэн үг нь аж төрөх ёс, амьдархуйн ухаанаасаа төрсөн учраас хүмүүст ухаарлын ач холбогдолтой. Хоёрт, социализмын үед урлаг, уран бүтээл, зохиолчдын нийгмийн үүрэг гэж байсан. Тэр нь нэг үзэл сурталд зориулж бүтээл хийхийг сурталчилсан учраас явцуу байсан. Социализм нурж унасны дараа уран бүтээлчид урлаг, уран зохиол нийгэмд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй, бид эрх чөлөөтэй гэсэн. Энэ хоёр янзын туйлшрал. Гэтэл ямар ч үед урлаг, утга зохиол, тэр дундаа яруу найраг нийгэмд үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Цаашид ч тийм байна. Тийм учраас бид яруу найрагчийн нийгэмд гүйцэтгэх үүргийг эргэж авч үзэх ёстой юм. Энэ талаасаа Ч.Эрдэнэбаатарын бүтээл уншигчдаа ухаанаар ташуурджээ.
Ай.ТөмөрОчир /Соёлын гавьяат зүтгэлтэн/: Даяарчлалын эринд даяар Монголынхоо ухааныг тунхаглалаа
-Монголын оюун санааны хойморт хонин жилийн анхны номыг миний шавь, Дарьганга нутгийн яруу найрагч Ч.Эрдэнэбаатар нээх, тэр дундаа монгол ухааны эрхин хэлхээгээр эхлүүлэх нь ерөөлтэй учрал юм. Даяарчлал, дангааршлын эрин зуунд Дарьгангын эрхэм яруу найрагч даяар Монголынхоо ухааныг дэлгэрүүлэхээр уриалж, уншигч олонд мэдрүүлж өгч байгаад баяртай байна.
Ч.ЗОТОЛ