&#34Талийгаач дарамтанд байсан&#34

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

&#34Талийгаач дарамтанд байсан&#34

ДУУЛИАНЫ МӨРӨӨР

Г.Алтанхүү гэж залуу найз бүсгүйгээ үхэлд хүргэсэн үү…? Мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд хамгийн их анхаарал татсан хүний нэг болоод буй Г.Алтанхүү гэж энэ залууг анх Прокурорын байгууллагаас “Өөрийн найз бүсгүй Ц-г олон удаагийн үйлдлээр зодож, хөнгөн зэргийн гэмтэл шууд учруулж, доргиосны улмаас амь насыг нь хохирооход хүргэсэн” гэж үзэн, олныг цочирдуулсан эл хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм.

Улсын яллагч түүнд 13 жилийн хорих ял төлөвлөж байв. Мөн шинжээчийн дөрвөн удаагийн дүгнэлтээр Г.Алтанхүү нь талийгаачийг мохоо зүйл ашиглан зодож, хөнгөн зэргийн гэмтэл, биед нь хөхрөлт, няцралт учруулж байсныг тогтоосон ч удалгүй талийгаачийн амиа алдах болсон шалтгааныг талийгаач архины хордлого буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эсийн микро макро шинжилгээний үеэр тогтоогдсон гэж тайлбарлаж буй. Тиймээс ч энэ долоо хоногт /I.05/ болсон Шүүх хурлаас Г.Алтанхүүд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн гурван жилийн хорих ял оноож,  түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Шүүхийн шийдвэр гарсны дараа бид энэ хэргийн хохирогчийн нагац эгч, хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнхорлоотой уулзаж ярилцлаа.

 

-Талийгаачийн ээжийг нутаг буцсан гэж дуулаад таньтай уулзахаар ирлээ. Таныг энэ хэрэг, шүүхийн шийдвэр, болсон явдлын талаар бидэнтэй ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа?

-Шүүх хурлаас хойш сэтгэл санаа үймрээд, нойр ч хүрэхгүй хэцүү байна. Талийгаачийн ээж шүүх хуралд ирж оролцоод, өчигдөр нутаг буцлаа. Мал тооллого эхэлчихсэн,  ардаа их ажилтай хүн. Дээрээс нь шүүхээс ийм шийдвэр сонсоод хотод   олон хонох  хүнд байх шиг байна. Хөөрхий дүү минь нүд дүүрэн нулимстай л явлаа.

-Шүүхийн шийдвэр та бүхний төсөөлж байснаас өөр гарлаа. Шүүх хуралдааны уур амьсгал, мэтгэлцээн яаж өрнөсөн бэ?

-Шүүхийн шийдвэрт үнэхээр гомдолтой байна. Шүүхийн энэ шийдвэрээс  шударга зүйл гэж хаа ч байхгүй болсон нь харагдлаа. Талийгаач маань ямар ч архи дарсгүй, тайван, хөдөлмөрч гэр бүлд  өсч  хүмүүжсэн, өөрөө ч хөдөлмөрч шаргуу хүүхэд байсан. Эцсийн эцэст дүүг маань архинаас болж амиа алдсан гэж үзэн, амь насанд нь хүрсэн Г.Алтанхүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ялыг нь хөнгөрүүллээ. Шүүх хуралд хамгийн анхны задлан шинжилгээг хийсэн шинжээч эмч Долгормааг оролцуулсан ч  учир битүүлэг, зарим  талаар хардаж сэрдмээр мэдүүлэг өгсөн. Гэхдээ зарим шинжээч эмч нар Г.Алтанхүүгийн  зодуураас болж цөсний суваг гэмтэн цөс аажмаар шүүрснээр хэвлийн битүү гэмтэл үүсч, амиа алдсан гэдгийг хэлдэг. Гэтэл үүнийг шүүх огт харгалзаж үзээгүй. Миний дүү Г.Алтанхүүтэй дөрвөн сар гаруй хамт амьдарсан байдаг. Энэ хугацаанд хоёр  хавиргыг нь хүртэл хугалж гэмтээсэн, олон удаа дарамталж зодсон нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад  баримтаар нотлогддог. Гэвч шүүх бүрэлдэхүүн  Г.Алтанхүүг миний дүүгийн амь насанд хүрээгүй гэж шийдвэрлэлээ. Үнэхээр ойлгомжгүй байна.

-Шинжээчийн дүгнэлтийг  хэд хэдэн удаа давтаж авсан.  Өөр өөр дүгнэлтүүд гарсан гэлүү?

-Анхны шинжээч  эмч Долгормаагийн  дүгнэлтээр  маш эмзэг хэсгийн гэмтлүүд ерөөсөө  тусгагдаагүй юм билээ.  Үүнээс болж дараа дараагийн дүгнэлтүүд ч учир дутагдалтай, баллагдаж явсаар ийм байдалд хүрлээ. Шүүх эмнэлгийн зарим эмч нарт гомдолтой байна.  Долгормаа эмч ажилдаа хайнга хандсан байсан.  Шүүх хуралдаанд Долгормаа эмчээс  манай өмгөөлөгч “Өвчний түүхэнд бичигдсэн амин газрын гэмтлүүд  яагаад тусгагдаагүй юм бэ. Энэ гэмтлийг харсан уу” гэж асуухаар “Би харсан л даа. Бичсэн  байх ёстой. Тухайн үед задлан шинжилгээнд орж байсан учраас бээлийтэй байсан. Тэгээд өөр хүнээр бичүүлсэн” гэж хариулдаг. Хэнээр  бичүүлсэн юм гэхээр “ “Санахгүй байна” гэдэг. Хүний амь настай холбоотой асуудлыг шийддэг хүн  ажилдаа ингэж л хайнга хандсан байгаа юм. Анх цөснөөс хоёр жижиг хэсгийг дээж болгон авч эсийн  түвшинд шинжилсэн гэсэн. Ингэхэд цөсний цоорхойг олоогүй, мэдэгдээгүй гэдэг. Ер нь тэр цөсийг бүтнээр нь   шинжилсэн бол эмзэг нарийн гэмтлүүд тодорхой гарах байсан. Гэтэл анхнаасаа баримтаа балласаар ийм шийдвэр гаргахад хүргэж байна.

-Дараа дараагийн дүгнэлтээр ямар үр дүн гарч байсан бэ?

-Монгол хүмүүс талийгаачаа нутаглуулчихаад эргэж  шарилыг нь хөнддөггүй. Гэтэл бид  дахин задлан  шинжилгээнд оруулахын тулд  шарилыг нь хүртэл хөндсөн. Гэсэн ч анхнаасаа ул мөрөө баллачихсан учраас үр дүнд хүрдэггүй юм байна. Давтан шинжилгээнд  бүрэлдэхүүнтэй, мундаг эмч нар орсон.  Тэдний зарим нь үнэн байдлыг хэлсэн ч шүүх харгалзаж үзээгүй. Ийм тодорхой  хэргийн учир ингэж ээдэрч, тайлагдахгүй байгаагийн учрыг олж чадахгүй  л сууна.  Г.Алтанхүүгийн гарт хайран сайхан охиноо алдсан гэдгээ л мэдэж  байна.

-Г.Алтанхүү шүүх хуралд юу гэж мэдүүлдэг вэ?

-Анхны шүүх хурал болоход “Та бүгдээс уучлал гуйж байна” гэж хэлж байсан санагдаж байна. Шүүх хуралдааны явцад “Би хүн алах үйлдэл  хийгээгүй. Би  ийм ял үүрэх ёсгүй” гэдэг л зүйл хэлдэг. Гэхдээ  зодож, гэмтээж байснаа хүлээн  зөвшөөрдөг.

Та талийгаачийг  Гэмтлийн эмнэлэгт сэхээнд байхад нь  очиж байсан хүн.Тухайн үед талийгаач ямархуу байдалтай байсныг ярихгүй юу?

-Талийгаачийн ээж бол миний төрсөн дүү. Надруу нэг өглөө утасдаад  “Миний охинд ямар нэг муу юм болсон байна. Хурдан очоорой” гээд  цагдаагийн дугаар өгсөн. Цагдаагаас дүүгээ гэмтлийн эмнэлэгт байгааг мэдээд очиход сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэж  байсан. Нүүр нүдгүй  зодож нүдүүлсэн байдалтай, хиймэл амьсгаатай, хоёр  нүд нь бүлтэгнээд хэвтэж байсан.  Миний дүүгийн биед байсан шарх сорви, хөхрөлт нэг удаагийнх биш, олон удаагийнх гэдэг нь тодорхой  байсан.  Дүүг маань эмнэлэгт хүргэж ирсэн  Г.Алтанхүүгийн үеэл гэх эмэгтэй “Найз залуу нь зодчихсон юм” гэж хэлсэн шүү дээ. Тэр олон хоног тарчилж зовж байхад нь арай эрт эмнэлэг бараадуулсан бол амь нас нь аврагдах байсан болов уу гэж  харамсдаг. Ингэж бодохоор л хөөрхий дүүг минь  нохойноос ч дор   үзэж байсан  Г.Алтанхүүд маш их гомддог. Тэр үед гэмтлийн эмч “Гадны нөлөөтэй ирсэн шүү. Та нар  эргүүлж тойруулж сайн хараарай” гэсэн. Ингээд хөнжлийг нь сөхөөд харахад нүд хальтирмаар л  харагдаж байсан. Гар, гуя, нуруу, цээж, шанаа гээд зодуур хүрээгүй газар байгаагүй.

Талийгаачийг Г.Алтанхүүгийн дарамтанд байсан гэдгийг нотолсон байдаг. Энэ бүхэн нөлөөлөөгүй хэрэг үү?

-Г.Алтанхүүгийн дарамт, хүчирхийлэлд байсан гэдгийг олон хүн гэрчилдэг. Гэвч энэ бүхнийг авч хэлэлцдэггүй юм байна. Дүүгийн маань ажлын газрынхан “Ажил  тарах цаг болонгуут нэг залуу ирээд авдаг  байсан. Ажил дээр нь хардаж сэрдэх  зүйл болж байсан” гэж  мэдүүлсэн байна лээ.  Гэвч энэ бүхэн огт хамаагүй байдаг юм байна. Энэ бол илт ойлгомжтой хэрэг. Манай хууль эрхзүйн орчин дутуу дулимаг, гэр бүлийн хүчирхийлэл далд байдаг нь харагдлаа. Үхсэн хүн үг хэлэх биш гэгчээр талийгаачийг маань архины хамааралтай байсан гэх зэргээр хамаагүй ярьж байна. Дүү маань сэхээнд, нэг ч үг хэлж чадалгүй амьсгал хураачихсан учраас яаж ч  ярьж болж байна л даа. Ухаан орсон бол дүү маань үнэн  учрыг  хэлэх байсан. Харамсалтай нь тэгэж чадаагүй. Утсыг нь шалгаад л  зодоод архи уугаад, өөрт нь өгөөд, уухгүй бол зоддог байсан юм билээ. Дүү маань эндээс гарах гарцаа олж чадалгүй  амиа алдсан. Г.Алтанхүү  өмнө нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт өмнө нь  үерхэж байсан охиноо зодож дарамталсан хэргээр шалгагдаж байсан юм билээ. Шинжээч эмч нар бөөн маргалдаан, хэрүүл болж тэр дүгнэлтийг гаргасан нь тодорхой. Архинаас болж  амиа алдах үндэслэл  байхгүй гэдгийг зарим эмч нар хэлдэг.

-Та бүхэн мэдээж давж заалдах шатны шүүхэд хандах байх?

-Шүүхийн шийдвэр гарсан учраас одоо дараагийн шатны шүүхэд гомдол гаргана. дахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг анхнаасаа дутуу гаргасан эмчид ч гомдол гаргах бодолтой байна. Энэ хэргийг  хуулийг нь баталдаг төрийн түшээд, Монгол Улсын Ерөнхийлөгч,  Хууль зүйн сайд, Дээд шүүхийн шүүгч нар анхаарлаа хандуулахыг хүсч байна. Г.Алтанхүү миний дүүгийн аминд санаатайгаар хүрэх гээд эмнэлэгт хүргээгүй юмуу, санамсаргүйгээр гайгүй болчих байх гэж бодоод  хүлээгээд байсан юмуу гэдэг  их эргэлзээтэй. Бид  дандаа сайхныг баримталсан, энгийн даруу  хүмүүс. Шүүхдээ итгэсээр өнөөдрийг хүрсэн ч  одоо итгэл минь алдарчихаад байж байна. Гэсэн ч гомдлоо тасартал энэ хэргийн үнэн учрыг олохын төлөө явна.


“Г.Алтанхүү охиныг минь үхлүүт байхад ажилдаа явсан гэж хэлсэн”

Түүнтэй ийнхүү ярилцсаны дараа шүүх хуралд ирж оролцоод Баянхонгор аймаг руугаа буцсан талийгаачийн ээж Д.Дуламсүрэнтэй  утсаар холбогдсон юм.

-Шүүхийн шийдвэрийг сонсоод сэтгэл санаа хүнд байгааг ойлгож байна.

-Шүүхийн  шийдвэрт  маш их гомдолтой байна. Би өөрөө тангараг өргөсөн  төрийн алба хаагч хүн. Монголын хууль шүүхийн байгууллага  шударга үнэнийг дэнсэлдэггүй юм байна гэдгийг өөрийн биеэр тууллаа. Эгч нь  эрэгтэй, эмэгтэй хоёрхон хүүхэдтэй хүн. Миний охин бага нь байсан юм. Мэдлэг боловсролтой, цагаан цайлган сэтгэлтэй, гэр бүлийн хэрүүл маргаан, зодож жанчихыг мэдэхгүй, хайранд  өлгийдүүлж өссөн хүүхэд. 2013 оны долдугаар сард “Найз залуутай болсон” гэж хэлсэн юм. Миний охин 21 нас хүрсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг байсан учраас  зөв найзалж нөхөрлөхөд болохгүй зүйлгүй л гэж бодсон. Ийм харгис хүнтэй таарчихсан гэж  төсөөлөөгүй. Гэхдээ би эх хүн учраас охиноо ямар залуутай  найзалж байгааг мэдэх гээд хотод байдаг нэг  найзыгаа наймдугаар сарын үед явуулсан юм. Найзыг маань очиход Г.Алтанхүү миний охинтой хамт байрныхаа гадаа гарч ирсэн гэсэн. Тухайн үедээ яриа хөөрөөтэй, гайгүй л залуу байна гэж надад хэлсэн юм. Охинтойгоо өдөр бүр утсаар ярьж, өглөө бүр ажилдаа явахад нь сэрээж, орой ямар хоол хийж байгаагаа хүртэл ярьдаг байсан. Гэтэл охин маань хүний дарамтанд орчихсон гэдгээ ээж, ааваасаа тас нуучихсан байсан юм билээ. Харамсаад ч барахгүй байна.

-Нэгэнт ийм зүйл ярьсан болохоор таниас асууя. Охиныг тань архины хамааралтай, архи хэтрүүлэн хэрэглэснээс амиа алдсан гэдэг дүгнэлт гаргаад байгаа?

-Давтан задланд орсон гавьяат эмч Юндэн гэж өнгөрсөн оны наймдугаар сард болсон шүүх хурлын үеэр “Архины хордлогод орсон хүн ийм байдаггүй юм шүү” гэж хэлсэн. Энэ үгийг ганц би биш Г.Алтанхүүгийн талынхан, шүүгч нар бүгд сонсч байсан. Сая болсон шүүх хуралд Анагаахын багш Туул, Эрдэнэбилэг, Долгормаа нар оролцсон. Туул эмч “Доргилтын улмаас цөсний цорго гэмтэл авч, улмаар цус хурсан байна. Улмаар цөс нь бага багаар шүүрч явсаар амиа алдсан” гэж хэлсэн.  Анхны задлан шинжилгээг хийсэн Долгормаа эмч охины маань бие дээрх гэмтлүүдийг дутуу бичсэн. Шүүх хуралд “Бээлийтэй байсан учраас өөрөө бичээгүй. Хүнээр бичүүлсэн. Хэнээр бичүүлснээ санахгүй байна. Тэр хүн л дутуу бичсэн байна. Хэн хариуцлага хүлээхийг хэлж мэдэхгүй байна. Би хоёр өдрийн дараа протоколоо бичсэн л дээ” гэж хэлж байгаа юм. Тангараг өргөсөн эмч хүн хүний амь настай холбоотой ноцтой хэргийн задланд орж байж  ийм хайнга  байсан гэхээр үнэндээ гайхаж байна. Долгормаа эмч ямар учраас асуудалд ингэж хандсаныг холбогдох газруудад хандаж, шалгуулна гэж бодож байгаа. Миний охин архи уусан байдаг бол Г.Алтанхүүгийн дарамтанд орж л уусан байж таарна.

-Г.Алтанхүүгийн ар гэрийнхэн та бүхэнтэй уулзсан уу. Ер нь уучлал гуйсан уу?

-Уулзах нь байтугай утсаар ч яриагүй. Би хамгийн эхний шүүх хуралд л оролцож чадаагүй. Бусад бүх хуралд оролцсон. Хөдөөнөөс  зорьж ирдэг. Тэр хүмүүс шүүх хурлын үеэр ч уулздаггүй. Зүгээр л өөрийнхөө хүүг яаж ялгүй үлдээх вэ гэдгийг л бодож байгаа болохоос  үрээ алдсан эх, эцгийг огт боддоггүй, их хатуу сэтгэлтэй хүмүүс юм. Миний охин өөрийнх нь хүүтэй дөрвөн сар хамт амьдраад амь эрсдчихсэн байхад   Г.Алтанхүүгийн  ээж  яагаад эх хүний сэтгэлээр хандаж болдоггүй юм бэ.

-Та охинтойгоо өдөр бүр утсаар ярьдаг байсан гэсэн. Хэрэг болдог өдөр цагдаагаас тань руу залгах хүртэл  охинтойгоо холбогдсон уу?

-Арваннэгдүгээр сарын 3-нд хэд хоногийн амралт дутуу байснаа аваад хөдөө өвлийнхөө идшийг авчирахаар явсан юм. Ингээд арваннэгдүгээр сарын 12-нд гэртээ ирсэн. Гэртээ ирээд нэг л удаа утсаар ярьж,  13-ны өдрөөс утас нь холбогдохоо больчихсон. Г.Алтанхүү рүү “Охинтой минь яриулаад өгөөч” гэж өчнөөн гуйж  мессеж явуулсан. Охиныхоо утас руу ч гэсэн “Ээжтэйгээ холбоо барь л даа” гээд мессеж явуулаад хариу байдаггүй. Г.Алтанхүү нэг удаа утсаа авахдаа  миний охиныг “ажилдаа явсан, би бас ажил дээрээ байна” гэж хэлээд тасалсан. Гэтэл тэр өдөр л эмнэлгээр авч явж байсан юм билээ. Ингээд л 14-ний өглөө цагдаагаас надруу залгаж, миний охиныг сэхээнд байгааг  хэлсэн. Г.Алтанхүү охиныг  минь  үхлүүт болтол зодчихоод надад “Ажилдаа явсан” гэж хэлсэн байгаа юм. Би зодсон гэж хэлдэггүй юм гэхэд бие нь муу байгааг нэг өдрийн өмнө ядаж хэлчихсэн бол амь нас нь аврагдах ч байсан юм билүү. Хэрэг хуучирдаггүй. Би явж  болох, хандаж болох бүх газраар явна. Шүүгч нарыг томилдог  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандана.

 С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж