-Дизель түлшний хомсдолтой байгаа энэ үед танайхаас ямар зохион байгуулалт хийх гэж байна вэ?
-Нийтийн тээврийн хэрэгслийн шатахууны хангалт тун хүнд байна. Бид Газрын тосны газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд өнөөдөр шинэ хуваарь хүргүүллээ. Шатахууны нийлүүлэлт багассантай холбоотой нийслэлийн хэмжээнд үйлчилгээнд гарч байгаа том оврын автобусны тоог 30 хүртэл хувиар бууруулаад байна. Энэ нь нийтийн тээврийн хэрэгслийг түлшээр таслахгүй байх давуу талтай. Газрын тосны газар, ЭБЭХЯ нийтийн тээврийн шатахуунаар таслахгүй байх саналыг нааштай хүлээж авсан. Нийтийн тээвэр гэдэг бол нийгмийн захиалгат үйлчилгээ учир байгаа нөөцөө зөв хуваарилах чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч байна.
-Гэрээтэй ч гэсэн дизель түлшийг өндөр үнээр буюу 1800-2000 төгрөгөөр авч байгаа газрууд байна.
-Нефть импортлогч компаниуд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хоорондоо гэрээ байгуулсан байдаг. Үнийн асуудлыг асуудлыг Нийтийн тээврийн газраас зохицуулдаггүй. Өнөөдөр онцгой байдал тохиолдол үүссэн учраас арга буюу зохицуулалт хийж байна л даа. Гэрээтэй аж ахуйн нэгж байгууллагууд нь гэрээнд заасан үнээрээ шатахуунаа нийлүүлж чадахгүйд хүрсэн. Зарим газар 1800-2000 төгрөгөөр дизель түлш худалдаж байна. Өчигдөр 16.00 цагаас хойш зарим гэрээт аж ахуйн нэгжийн нөөц бүрэн дууслаа.
-Нийслэлийн өмчит гурван компанийн хувьд байдал ямар байна вэ?
-Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч 26 компанийн гурав нь буюу Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниуд нийслэлийн өмчид байгаа. Тэдний хувьд ч байдал хувийн хэвшлийнхэнтэй адилхан хэмжээнд байна. Эдгээр компани өдөрт 250 орчим автобус үйлчилгээнд гаргаж, 50 тн дизель өдөрт зарцуулна. Тэгэхээр өмнө хэлсэн автобуснуудын 30 хувийг үйлчилгээнд гаргахгүй гэвэл өдөрт 20 тонн шатахуун хэмнэх юм.
-Автобус зорчигчтойгоо өдөрт хэд хэдэн удаа ШТС орж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ нь зорчигчдын аюулгүй байдалд сөрөг үр дагавар авчирч болзошгүй шүү дээ?
-Компаниуд нэг удаа шатахуун олгохдоо 20-25 литрээр өгч байгаа. Том оврын автобус өдөрт 80-100 литр шатахуун зарцуулдаг. Энэ тохиолдолд шугаманд явж байгаа автобус зорчигчтойгоо хэд хэдэн удаа ШТС-д очиж байсан нь үнэн. Энэ байдлыг өнөөдрөөс өөрчилж тодорхой нэг ШТС-аас шатахуунаа авах хуваарийг өнөөдөртөө багтаж хийнэ. Хуваарийг хийхэд шаардлагатай тооцоо судалгааг Газрын тосны хэрэг эрхлэх газарт өгсөн.