Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан уг зөвлөл гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцооны талаар ярилцлаа. Өмнө нь холбогдох байгууллагууд орон сууцны 44 барилгад газар хөдлөлтийн үед хэр зэрэг тэсвэртэй байхыг нь шалгажээ. Ингэхэд 17 барилга нурах аюултай, 27 барилгыг хорооллоор нь дахин төлөвлөлтөд оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Нэг барилгыг үнэлж, паспортжуулахад 14 хоног шаарддаг гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд 24560 барилга, байгууламж байдаг бөгөөд зориулалтыг нь өөрчилж, даацын ханыг нь нураасан, насжилт ихтэй, нурах магдлал өндөр зэрэг 1000 шахам барилгыг эхний ээлжинд үнэлж, паспортжуулахад таван тэрбум төгрөг хэрэгтэй аж. Түүнчлэн энэ онд 42 барилгыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй байгааг нь үнэлж паспортжуулахаар төлөвлөжээ. Ирэх долдугаар сарын 1-н гэхэд 20 барилгыг үнэлж, паспортжуулахаар төлөвлөсөн юм байна.
Мөн хуралдаанаар гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх боломжийн талаар ярилцлаа. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ж.Бат-Эрдэнийн хэлснээр Гамшгийн аюулыг зарлах удирдлагын төвийг Онцгой байдлын ерөнхий газарт түшиглэн байгуулж багаж, тоног төхөөрөмжөөр хангах, дүүргүүдэд дуут дохиоллын 60 орчим цамхаг бий болгох, газар хөдлөлтийн идэвхитэй бүсүүдэд голомтыг бүртгэх сүлжээний станц суурилуулах, нэр бүхий дөрвөн телевизийг шилэн кабелиар холбох зэрэг төслийг хэрэгжүүлэхэд 11.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн мэдээдэл хийлээ. Ингээд зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотын барилга, байгууламжийн үнэлгээ, паспортжуулах ажлын явцыг эрчимжүүлэх, төв, суурин газруудын газар хөдлөлийн зураг хийх, шинээр баригдаж байгаа орон сууцны барилгууд 8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх шаардлага хангаж байгаа эсэхэд хуваарийн дагуу хяналт шалгалт хийхийг үүрэг болголоо.