Засгийн газрын хуралдаанаар улсын нөөцөөс дизель түлш гаргаж эрүүл мэнд, нийгмийн гол салбаруудын үйл ажиллагааг тасалдуулчихгүй байх шийд гарсан байгаа. Үүнд, эмнэлэг, нийтийн тээвэр, хөдөө аж ахуй, станц зэрэг нийгмийн чухал салбарууд багтжээ. Гэхдээ дизелийн нөөц хэдий болтол гол зогоох бол. Одоогийн байдлаар Монгол Улсад дизелийн нөөц хэр байна вэ. Энэ асуултад Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан “Монгол Улсын нөөцөд 4-7 хоногийн нөөц байна. Гэхдээ бид хараахан улсын нөөц рүү ороогүй байгаа. Байдал хүндрэхэд, нийлүүлэгч хугацаа тавьж хүлээх болвол бидэнд нөөц хэрэгтэй шүү дээ. Тиймээс хязгаарлалт хийж байгаа юм” гэлээ.
Тэгвэл хувийн хэвшлийн импортлогч 17 аж ахуйн нэгжийн нөөц ямар байгаа бол. Энэ талаар тодруулахаар зах зээлд гол үүрэг гүйцэтгэдэг “Содмонгол” компаниар орлоо. Тус компанийн маркетингийн ажилтан “Манайх нийтийн тээврийн хэрэгслийг шатахуунаар таслахгүй байх үүднээс тодорхой зохицуулалтыг хийж байна. Нэгэнт импорт зогссон учир үүнээс өөр арга байхгүй. Харин АИ-92 шатахуун хангалттай бий” гэсэн юм. “Сод монгол” ХХК 15 автобус компаниас гадна дулааны нэг, гуравдугаар цахилгаан станцууд, Яаралтай түргэн тусламжийн төв, “МИАТ” ХК, Ус сувгийн удирдах газар, Иргэний нисэхийн Ерөнхий газар, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг онцгой обьектуудад шаардлагатай шатахууныг өгөх аж. Түүнчлэн нүүрс, алт олборлогч, бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй гэрээтэй компанийн шатахуун нийлүүлэлтийг бүр мөсөн зогсоосон байна. “Содмонгол” дизедь түлш болон АИ-92 бензиний нөөцийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзав.
Одоогоос 10-аад хоногийн өмнө Газрын тосны газар мэдээлэл хийж, Дэд сайд Б.Ариунсангаас ахлуулсан ажлын хэсгийн байгуулсан хэлэлцээрий дагуу их хэмжээний дизель түлш ирнэ гэж мэдээлж байсан. Монголын компаниуд ч төлбөрөө шилжүүлж нааш ачихыг нь хүлээсэн боловч нийлүүлэгчид ачилтыг товлосон хугацаанд хийгээгүй гэнэ. Ойрын үед хэлэлцсэн ёсоор авах ёстой дизелиэ авах талаар дахин ярьж эхэлжээ. Албаныхнхы яриагаар ирэх долоо хоногийн эхэн гэхэд түрүүчийн дизель ирчих байх гэсэн таамаг мэдээ хэлж байна.
Олон жилийн түнш “Роснефть” компани “Танай улсын эдийн засаг хурдацтай өсч байгаагийн зэрэгцээ нефть бүтээгдэхүүний хэрэглээ ч мөн улам өсч байна. ОХУ-д мөн эдийн засгийн өсөлт хүчтэй байгаа энэ үед бид танай хэрэгцээг бүрэн хангах боломжгүй болж байна. Тиймээс өөр бусад эх үүсвэртэй болох хэрэгтэй” гэдэг саналыг тавьсан байна. Яам, тамгын газар аль болох олон эх үүсвэрээс шатахуунаа авахаар санал солилцож байна. ОХУ-ын нефть бүтээгдэхүүний үйлдвэрүүд Европын стандартад шилжиж байгаа тул үнэ нь ч мөн өсөх сурагтай. “Роснефть”-ийн Монголд бүтээгдэхүүн нийлүүлэх салбарууд нь ч техник технологийн шинэчлэл хийж үйлдвэрлэлээ зогсоосон нь дизелийн нийлүүлэлтэд нөлөөлсөн гэнэ. Орос ах нар монголчуудад оны заагаар шатахууны үнэд өөрчлөлт орно гэдгийг мэдэгдэж, саналаа ирүүлэхийг зөвлөсөн байна лээ. ОХУ-ын үйлдвэрүүд Европын стандарт нийцсэнээр А-80 гэдэг бензин байхгүй болох гэнэ.
Шинээр шатахуун авах гэж байгаа “ТНК”-аас ирж буй дизель “Роснефть”-ийн үнээс тонн нь 240 ам.доллар, “Газпром”-ынх 280 ам.доллараар илүү үнээр ирж буй гэнэ. Харин урд хөршөөс ирүүлсэн санал 1440 ам.доллараар үнэтэй байгаа аж. Юутай ч ОХУ болон БНХАУ-аас авах шатахууны үнэ өсч байгаа тул 4-5 сарын дараачаас Монголд ч өөрчлөгдөх нь тодорхой боллоо. Юутай ч дотоодын хэрэгцээний багахан хувийг ч хамаагүй бэлтгэх боловсруулах үйлдвэрийн төслийг шуурхайлахыг Засгийн газар үүрэгдсэн байна. Ирэх долоо хоногийн хуралдаанаар энэ талаар эргэж хэлэлцэх болж, үйлдвэрийн төслийг даруй оруулахыг салбарын сайдад нь үүрэгджээ.