АНУ Йеменээс дипломат ажилтнуудаа татлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

АНУ Йеменээс дипломат ажилтнуудаа татлаа

Йемен дэх улс төрийн  хямрал хурцдаж буй энэ үед АНУ өөрийн элчин сайдын яамны димломат ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэнд тус улсыг орхихыг шаарджээ.  Өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын цэргүүд, босогчдын хооронд болсон мөргөлдөөний улмаас  44 хүн амиа алдсан. Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салех босогчдод нэг ч алхам бууж өгөхгүй, улс орноо орхихгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр өөрийг нь огцруулж мэдэх нэгдсэн Засгийн газар байгуулах хэлэлцээр хийхээс татгалзсан юм. АНУ-ын засаг захиргаа ард иргэддээ Йемен рүү зорчихгүй байхыг сэрэмжлүүлээд байна.

“Алан хядах үйл ажиллагаа,  болон улс оронд өрнөөд буй эмх замбараагүй явдлаас үүдэн тус улсын аюулгүй байдал маш ноцтой нөхцөл байдалд ороод байна. Тус улсын гол хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж улс төрийн хямрал улс орныг бүхэлд нь эзлээд байгаа”  талаар АНУ-ын Төрийн департаментээс мэдээлжээ. Йемений сөрөг хүчний  томоохон бүлэглэлүүд болон эрх баригчдын цэргийн хүчний  хооронд  хэдэн өдрийн турш зэвсэгт мөргөлдөөн гарсны дараа эсэргүүцэгдийн хамгийн хүчтэй бүлэглэл болох “Хашид” нийслэл Сана хотын хэд хэдэн барилга байшинг эзлэн авчээ. Сана хотын нисэх буудал мөргөлдөөнөөс болж хаагдсан байна. Хэдэн зуун иргэдийг хотоос хүчээр хөөн гаргасан тухай гэрчүүд мэдээлж буй ажээ. Олон улсын зүгээс Йемений ерөнхийлөгч Али Абдулла Салехд  улс орондоо болж буй улс төрийн үймээн самууныг нэн даруй зогсоох шаардлага тавьж буй боловч тэрбээр сөрөг хүчнийхэнтэй хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээр хийхээс татгалзаж буй ажээ. Тэрбээр Йемений улс төрийн хямрал иргэний дайнд хүргэж болзошгүй байгааг сэрэмжлүүлсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн  Йеменээс хүчирхийлэл, аллага хядлагыг зогсоож, хямралыг  энхийн аргаар  шийдэхийг хүсчээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж