Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Хошин хошин шог

Үзэгчдийг байлдан дагуулж буй хошин хошин шогууд үргэлжилсээр.

Тоглолт хийх цаг нь өөр, хамтлагийнх нь нэр өөр, тоглолтод оролцох жүжигчдийн нэр өөр, гэхдээ сценари яг ижил.

Ингээд тоглолтуудын хөтөлбөрийнх нь агуулга, сэдэвтэй танилцъя.

Хошин шогийн тоглолт ерөнхийдөө 2 цаг орчим хугацаанд багтана. Үүнд 4-5 орчим номер тоглоно. Эдгээр үзүүлбэрүүдийн сэдэв нь мөн л тэр хавьцаа ерөнхий сэдвүүд байна.

 

 

Сэдэв 1: Ааштай хадам ээж

Хадам ээж бол хад чулуу шүү гэдгийг дахин дахин батална. Тэр хараал хэлж, хөөрхий хүргэн, бэрийг зовооно. Хадам ээжийн дүрд мэдээж эрэгтэй хүн тоглох нь тодорхой.

Тэднийг хараал хэлж, ааш аяг гаргахад үзэгчид инээх учиртай.

Сэдэв 2: Нууц амраг

Ер нь “но”-гүй “ну а”-гүй хүн байхгүй гэдгийг харуулах гэж үзнэ. Эрчүүд голдуу араар тавина. Задгай хувцасласан бүсгүй, дотоожтой эрийн дүрүүд үзэгчдэд таалагддаг тул заавал гарна. Өнөөх л шүүгээ, тагтан дээрээ нуусан, эсвэл хажуугийн айлын залуу гэрээр нь дамжин орж ирж, будлиан хутгах үзэгдэл үргэлжилнэ. Эхнэрээ хуурсан залуу гэмээ цайруулах гэж найз нөхөд, хамаатан саднаа хутгаад л….  Тайлбар хийгээд л….

Сэдэв 3: Андуурал

Ижил нэртэй, ойролцоо утгатай үгсээс болж андуурна. Үзэгчид түүнд нь хөтлөгдөн баясах ёстой. Андуурлаа бага зэрэг эротик сэдэв рүү оруулчихвал бүр ч супер номер болно. Тоглолтын хүрээнд ямар нэгэн андууралтай хэсэг заавал гарна.  

Завсарлага: Үзүүлбэрүүдийн дундуур гуяа гаргасан урт хөлтэй хүүхнүүдийн бүжиг явна. Үзүүлбэрүүд дээр харагдаж үзэгддэггүй хөөрхөн охидын хэрэг энэ үеэр л хэрэг болно. Өнөө байдаг л хэд маань дундуур нь орж гарч, дуу хуур өргөнө.

Сэдэв 4: Эмгэн

Мөн л эрэгтэй хүн дүр бүтээнэ. Ер нь эмэгтэй хүний дүрд эрэгтэй нь, эрэгтэйгийнх нь дүрд эмэгтэй хүн тоглохыг хошин зүйл гэж боддог бололтой. Эхэндээ будилна, самгардана, шинэ цагийн зүйлстэй учраа олох гэж үзнэ, шалан дээр нумарч бүжиглэн, хип хоп дуулуулсан ч болно. Ингэсгээд л төгсгөлд нь өнөө эмгэнийг үзэгчид жигтэйхэн өрөвдөж хайрласнаар өндөрлөх учиртай. Бүр болохгүй бол уянгын аян дээр ээжийн тухай шүлэг явуулаад, тайзны гэрлээ бүдгэрүүлэхэд болно. 

Сэдэв 5: Хуучирсан онигоо

Жүжигчдийн харилцан яриа нь нэг л танил сонсогдоно. Учир нь хэзээ нэгэн цагт, хаана нэгтээ байсан онигооны хэсэг учир. "Шинэ юм гэдэг бол сайтар мартагдсан хуучин зүйл байдаг" гэх үг тэднийг цөөнгүй жил тэжээсээр байгаа. Вовкагийн оронд Бооёо, Чапаевын нэрний оронд Амбий гэх зэргээр сольж тавиад л гүйцээ.

Сэдэв 6: Твиттер, фэйсбүүкээс уншиж байсан маазрал

Цаг үетэйгээ хөл нийлүүлж яваа гэдгээ харуулахын тулд сүүлийн үеийн хөтөлбөрүүд нь олон нийтийн сүлжээ рүү чиглэжээ. Өдөр бүр тэр орчинд нь байдаг хүмүүсийн хувьд үзүүлбэрт нь сонирхоод байх зүйлгүй.

Твиттерт, фэйсбүүкт хэн нэгний ярьсан, олонд таашаагдсан яриа, сэдвүүд тэдний гол номер, үзэгчдийг татах гол хөзөр нь.

Сэдэв 7: Согтуу хүн, цагдаа, нэг яриаг давтан хэлэх дүр

Хоёр цагийн хугацаанд хаа нэгтээ согтуу дүр гарна. Мөн эмч, цагдаа ч гарна. Нэг их шаардлага байхгүй ч хошин шогийнхонд бэлэн хувцас нь байдаг, бас хэн нэгэн нь ажиллаж цалин авах хэрэгцээ байдаг тул яаж ийгээд л оруулна. Мөн тоглолт бүрт заавал нэгэн төрлийн хэллэг, яриа гаргах гэж үзнэ. Тэр нэг дүр нь өнөө үгээ давтаад л, давтан хэлэх бүрт нь үзэгчид инээгээд л…  Энэ үүргээ ч өнөөх жүжигчид нь гүйцэтгэж чадсан бололтой, үзэгчид нь хаа саагүй өнөөхийг нь давтаж хэлээд л…

Нэг иймэрхүү байдлаар л Монголын хошин шогийн хөтөлбөрийн сценари бичигдэж, үзэгчид ч тоглолт бүрийг алгасахгүй үзэж, баясан цэнгэлдэж байна даа.

Нийгмийн асуудлыг хурцаар шүүмжилж, засч, үзэгчдийн нүүрийг нь биш тархийг нь үрчийтэл инээлгэх тэр хошин шог нь хэзээ ч гарах юм бүү мэд.

Хошин шогийн мэдрэмжгүй Б.МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж