-Өнгөрсөн 2009 оны хувьд манай улсын эдийн засгийн байдал хүндхэн байснаас татвар, нийгмийн даатгал гэхчилэн улсын төсөв бүрдүүлэгч байгууллагууд төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй нь гэж байсан. Гэвч төлөвлөгөө биелжээ. Төлөвлөгөөг биелүүлэхэд хүндрэлтэй байсан уу?
-Манай Татварын ерөнхий газрын хэмжээнд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж чадлаа. 2009 онд улсын төсөвт 707,4 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 110,8 хувиар буюу 69,2 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Энэхүү татварын 80 шахам хувийг манай улсын төсвийн орлого, хяналтын газар буюу том татвар төлөгчийн алба бүрдүүлдгээрээ онцлог. Манайхан өнгөрсөн оны төлөвлөгөөгөө 114,1 хувиар давуулан 537 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ. Өнгөрсөн оны хувьд татвар бүрдүүлэхэд үнэндээ хүндхэн жил байсан. Сүүлийн арваад жил тохиолдож байгаагүй хүндхэн он байлаа. Дэлхий нийтийг хамарсан хямралаас үүдэлтэйгээр аж үйлдвэр, уул уурхайн салбаруудын ашиг орлого буурч, барилга, банкны салбарт доголдол гарч, хүн ардын худалдан авах чадвар эрс буурсан гэхчилэн хаа сайгүй хүндрэл учирсан нөхцөлд нийт татварын албаны 1700 гаруй байцаагч ажиллалаа. Хямралын үед ажиллах стратегийг боловсруулан ажилласан маань үр нөлөөгөө өгсөн. Нөгөө талаар татвар төлөгч нар ч хичээл зүтгэл гаргасныг мартах учиргүй. Ялангуяа хэрэглээний салбарын татвар төлөгч нар өнгөрсөн оны татварын төлөвлөгөө биелэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
-2009 онд татварын төлөвлөгөө давж биелсэн хэдий ч өмнөх 2008 онд төвлөрүүлсэн татвараас 200 тэрбум төгрөгөөр бага байна гэсэн тооцоо гарсан байсан. Татварын орлогын төлөвлөгөөг хэрхэн гаргадаг вэ. Өмнөх оныхтой нь дүйцүүлэн тогтоодоггүй юм уу?
-2009 оны татварын орлого өмнөх оноосоо буурсан гэдэг нь үнэн. 2008 онд татварын алба улсын төсөвт 921,6 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан нь өнгөрсөн онд 214,2 тэрбумаар буурч 707,4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ үзүүлэлтээс улс орны эдийн засаг энэ хэмжээгээр буурч байна гэсэн үг. Татварын төлөвлөгөөг Сангийн яам боловсруулж, УИХ-аас баталдаг. 2008 онд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 8100 ам.доллар хүрч байснаа 2009 онд 3900 ам.доллар болтлоо буурсан. Зэс 8100 доллар байсан үеийн төлөвлөгөөг 3900 доллар болсон үед яагаад ч биелүүлэх боломжгүй. Тэгэхээр татварын болоод бусад төлөвлөгөөг эдийн засгийн үзүүлэлтүүддээ тулгуурлан боловсруулдаг. Түүнээс өнгөрсөн онтой дүйцүүлэн төлөвлөгөөг жиших учиргүй юм. Хойшдоо Оюутолгой, Тавантолгойг ашиглаад эхлэх үед бидний хямралын үеийн төлөвлөгөө түүх болон үлдэхийг үгүйсгэх аргагүй. Эргээд харахад 2004-2008 онуудад манай эдийн засаг ихээхэн өсөлттэй байжээ. Бидний бүрдүүлсэн татварын хэмжээ ч бараг их наядад дөхөж байсан. Гэтэл энэ онд огцом буурлаа. Энэ мэтээс жишээлэн харахад төлөвлөгөөг эдийн засагтайгаа холбон боловсруулахаас аргагүй гэдэг нь ойлгомжтой юм.
-Том татвар төлөгчдийг нэгтгэн нэг газарт төвлөрүүлэх нь орон нутгийн татвар бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэж шүүмжлэх хүмүүс ч байдаг. Танай албаны тухайд хэчнээн татвар төлөгчтэй вэ?
-Дэлхийн бүх улс оронд том татвар төлөгчийн алба гэж тусдаа байдаг. Үүний учир нь ямар ч улсын төсвийн 78-80 хувийг томоохон татвар төлөгч нар бүрдүүлж байдаг. Бусад жижиг аж ахуйн нэгжүүд 20 гаруйхан хувийг оруулдаг. Тиймээс улс өөрийнхөө орлогын найдвартай эх үүсвэрийг нэг гарт төвлөрүүлэх үүднээс том татвар төлөгчийн албыг байгуулсан байдаг. Энэ бол тусгаар тогтнолтой ч холбоотой юм. Одоогийн байдлаар манай албанд хот хөдөөгийн 180 гаруй томоохон татвар төлөгч нар бүртгэлтэй байдаг.
-Татварын эрхзүйн орчин өнөөдөр ямар хэмжээнд байна вэ. Татвар төлөгчдийг дэмжих үүднээс ямар ажил зохион байгуулж байгаа вэ?
-2007 онд татварын томоохон шинэтгэл хийсэн. Татварын багц хуулинд өөрчлөлт оруулж, гурван аравтын системд шилжсэний дээр “Өршөөлийн хууль” гаргасан. Тэр үед хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах, шүүх, Авлигатай тэмцэх газарт байсан бүх өрийг тэглэж, далд нуугдмал байсан бизнесийг ил тод болгосон. Ингэхдээ бид асар их хэмжээний нуугдмал үйлдвэрлэл үйлчилгээг ил болгож, орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж төлөвлөж байсан. Гэвч бидний хүлээж байсан хэмжээгээр үр дүн гараагүй. Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой. Өнгөрсөн онд бид татварын байгууллагыг олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлдэг байгууллага болгох зорилт дэвшүүлсэн. Татвар төлөгчид болоод татвар төлөгч нарын дагаж мөрдөж буй бүхий л хууль тогтоомж, дүрэм журмыг судалж шинжлэн, юу нь татварын орчинд сад болж байгааг тогтоолоо. Харин энэ оныг үйл ажиллагаагаа татвар төлөгчдөөр үнэлүүлэх жил болгон зарласан. Энэ зорилтыг хүлээн зөвшөөрөхгүй хүн олон байгаа. Гэвч бид энэ зорилтыг жинхэнэ утгаар нь биелүүлэхээр зорьж байгаа.
-Эдийн засгийн ухааны доктор хүнтэй уулзаж байгаагийн хувьд төгсгөлд нь асуух зүйл байна. Манай орны хувьд 2010 онд эдийн засгийн хямралаас ангижрах боломж байна уу?
-Эдийн засгийн хямрал хэзээ эхэлсэн, хаанаас эхтэй, хэн буруутай вэ гэдгийг өнөө хэр дэлхий нийтээрээ тодорхойлж чадаагүй байна. Үүнтэй нэгэн адил эдийн засаг хэдий хэмжээнд өсвөл хямралыг даван тууллаа гэж үзэх вэ гэдэг ч тодорхой биш байна. Эдийн засгийн өсөлт нь ард түмнийхээ хэрэгцээг хангахуйц хэмжээнд хүрч, ажилгүйдэл, ядуурал буурч гэмээнэ хямрал үгүй боллоо гэж хэлж болох юм. Одоохондоо тэр үгийг бардам хэлэх цаг хараахан болоогүй байна. Ажиглаад байхад энэ оны эхний хагас жилд эдийн засаг хэвийн байдалдаа орно гэж хэлэх хэмжээнд хүрэхгүй л болов уу. Харин Засгийн газраас энэ оныг бизнесийн орчны шинэтгэлийн жил болгон зарласан нь алсын хараатай шийдвэр боллоо гэж бодож байна. Бизнес хөгжинө гэдэг улс орны эдийн засаг сэргэнэ гэдэгтэй агаар нэгэн үг. Шат шатны төрийн байгууллагууд бизнес эрхлэх орчныг сайжруулж, чөдөр тушаа болж буй тушаал шийдвэр, арга барилыг халж чадвал бид хоёрын ярианы сэдэв болсон хямралыг гэтлэхэд ихээхэн нөлөөтэй.
Д.ЦЭЭПИЛ