Эдийн засаг хямарснаас улс орон бүхэлдээ хэмнэлтийн горимд шилжиж, хасалт таналт хийх уралдаан зарласан мэт санагдах боллоо. Хөрөнгө мөнгө дутмаг ийм хүнд үед Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн журам өөрчлөгдсөн үү, татварын буцаан олголтыг энэ жил өгөх үү гэсэн хүлээлт хүмүүсийн дунд үүсчээ.
Жил бүрийн хоёрдугаар сард багтаан байр худалдан авсан, хувийн сууц барьж босгосон болон хүүхдүүд нь их, дээд сургуульд суралцдаг хүмүүст төлсөн татварынх нь тодорхой хувийг буцаан олгодог нь хүмүүсийн амьдралд чамлахааргүй дэм болдгийг нуух юун. Тэгвэл энэ жилийн хувьд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн журамд өөрчлөлт ороогүй бөгөөд хуучны нэгэн адил дээрх болзлыг хангасан хүмүүс татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг урьдын адил эдлэх боломжтой юм байна.
Өнгөрсөн оны хувьд татварын буцаан олголтод 36.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийтдээ 66 мянга гаруй иргэн татварын хөнгөлөлт эдэлсэн нь өмнөх оныхоос 16 мянган хүнээр илүү байгаа юм. Ийн татварын хөнгөлөлтийн талаарх иргэдийн мэдлэг дээшилснээс анх төлөвлөсөн хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүйд хүрч, нэмэлт хөрөнгө гаргахад хүрч байсан юм.
Иргэн хүн ажил хөдөлмөр эрхэлж авсан цалин, хөдөлмөрийн хөлснөөсөө хувь хүний орлогын албан татвар төлдөг. Цалин, тогтмол орлогоос гадна үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал зэргээс 10 хувийн татвар суутгуулдаг. Тэр бүгдийг төлсөн хэн боловч ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх эрхтэй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д “Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц барих юм уу худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлого”-ыг чөлөөлөхөөр заасан байдаг ажээ. Та 70 сая төгрөгөөр, эсвэл 100 сая төгрөгөөр байр худалдаж авсан байлаа ч дээрх хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувьд хөнгөлөлт тооцон олгох юм. Өөрөөр хэлбэл, 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая хүртэлх төгрөгийг буцаан олгоно гэсэн үг. Гэхдээ иргэн бүрт гурван сая төгрөг нэг удаа шууд өгнө гэсэн үг биш. Тухайн жилд та хэдий хэмжээний татвар төлснөөс хамаараад 3-4 жилд багтаан гурав хүртэлх сая төгрөгийг буцаан авна гэж ойлгох учиртай юм.
Мөн дээрх хуулийн энэ заалттай холбоотойгоор Дээд шүүхийн тайлбар гарчээ. Дээд шүүхийн тайлбарт, 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсвэл худалдаж авсны аль нэгд нь татварын чөлөөлөлт өгнө гэж заасан байдаг ажээ. Татварын хөнгөлөлтөд хамрагдах иргэд байр орон сууц худалдан авсан болон барьж байгуулсан хөрөнгө мөнгөө хаанаас хэрхэн бүрдүүлснээ баталгаажуулахыг шаарддаг. Энэ шаардлага иргэдэд хамгийн их хүндрэл учруулдаг. Байраа авахдаа банкны зээлд хамрагдсан байлаа ч урьдчилгаа төлбөрөө хэрхэн олсноо заавал баримтаар нотлох учиртай. Хэрэв та хуримтлал үүсгэж, аль нэг банк, санхүүгийн байгууллагад мөнгөө хадгалуулж байсан бол нотлох баримт нь хадгаламжийн дэвтэр байх ажээ. Эсвэл хэн нэгэн хүнд зээлүүлж байсан тухай нотариатаар баталгаажуулсан гарын үсэг бүхий баримт бичиг нь мөн орлого нотолдог ажээ.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт харьцангуй ойлгомжтой, хялбар байдаг. Тухайн албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгох юм. Мөн заавал эцэг, эх нь ажиллаж, татвараа төлсөн байх бус, их дээд сургуульд суралцахын тулд өөрөө төлбөрөө хийдэг ажилтан ч хамрагдаж болох ажээ. Ингэхдээ сургалтын төлбөрийн хөнгөлөлт 10 хувь. Жишээ нь, та нэг сая 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 10 хувь болох 180 мянган төгрөгийг буцаан авах юм. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт хүүхэд нь гадаадад сурч буй хүмүүст ч ялгаагүй олгогдоно.
Хувь хүний орлогын татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлнэ.
- Орон сууцны хөнгөлөлт авахын тулд бүрдүүлэх материал: (Анхны удаа авч байгаа тохиолдолд)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар
- Таны байрны худалдах, худалдан авах гэрээ
- Байранд төлсөн мөнгөний баримт
- ҮХХ борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт
- Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
- Таны хадгаламжийн дэвтэр, виза картны хуулбар
Орон сууцны хөнгөлөлтийг хоёр болон түүнээс дээш удаа авч байгаа тохиолдолд бүрдүүлэх материал:
- Чөлөөлөлт эдлэх иргэний гараар бичсэн хүсэлт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар батлуулсан байх (дэвтрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд)
- Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын нотариатаар батлуулсан байх, эх хувь нь байгаа тохиолдолд нотариатаар батлуулах шаардлагагүй
- Татвар төлөгчийн орлого бүртгэлийн дэвтэр
- Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
- Орлого нотлох бусад баримт
- Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/ хэрэгтэй ажээ.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал:
- Хөнгөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
- Эцэг/эх/-ийн болон хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар /эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
- ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд//эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
- Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа /
- Сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн баримт /сургалтын төлбөр төлсөн хөрөнгө нь албан татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох баримт тайлбарын хамт/
- Суралцаж буй оюутаны сургуулийн тодорхойлолт /Гадаад сургалт нь албан ёсны орчуулгын товчоонд орчуулж баталгаажуулна./
- Эх нь эдэлж байгаа бол хүүхдийн төрсөний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгааг нотариатаар батлуулсан байх
- Үрчилж авсан бол нотлох баримт /нотариатаар баталгаажсан байх/
- Иргэний өөрийн нэр дээрхи данс банкны нэр
- Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/ ёстой юм байна.
Д.ЦЭЭНЭ