Энэ оны эхнээс үйлчилж эхлээд буй Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох албаныхнаас зарим зүйлийг тодрууллаа.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ГАЗРЫН ДАРГА Ц.ЖАДАМБАА: САНГИЙН ЯАМНААС ГҮЙЛГЭЭ ХИЙГДЭЖ ЭХЛЭХЭЭР МЭДЭЭЛЛҮҮД ОРНО
-Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт. Эхний долоо хоногийн байдлаар ямар түвшинд явж байна, уншигчид нэгдсэн цахим хуудас руу орж үзчихээд олигтой мэдээлэл ороогүй байна, нээлттэй болоогүй л байна шүү дээ хэмээн эргэлзэж буйгаа хэлсэн байсан. Үүнд тайлбар хийгээч?
-Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах нэгдсэн цахим хуудас 2014 оны арванхоёрдугаар сарын 25-нд нээгдсэн. Үндсэндээ бол зарласныхаа дагуу бид амжилттай оруулсан. Он гарах мөчид 890 байгууллага хэрэглэгч болсон байсан. Он гараад өнгөрөгч 5-ны өдрөөс хойш үндсэндээ маш ачаалалтай ажиллаж байна. Мэдээллийн тухайд Сангийн яамнаас гүйлгээ хийгдэж эхлэхээр мэдээллүүд орно. Мэдээллээ оруулах эсэх тухай асуудал бол төсвийн захирагч нарын хуулиар хүлээсэн үүрэг учраас хуулиндаа захирагдана. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй учир байгууллагууд мэдээлэл хараахан оруулаагүй байна. Цөөн тооны байгууллага 2014 оны төсвийн гүйцэтгэлээ оруулсан байна. Хуулийг дагаж журам гарсан. Одоо бид хууль болон журмаа барин ажиллаж байна.
-Шилэн дансны нэгдсэн цахим хуудас хуулиар бол 2016 оны 6-р сараас өмнө нээгдсэн байхаар тусгаж өгсөн. Гэвч Засгийн газар оны эхнээс л хуудас ажиллаж эхэллээ хэмээн зарласан. Түргэдээгүй биз, бэлтгэл ажил хангагдсан уу?
-Түргэдсэн эсэх тухайд хариулт өгч мэдэхгүй юм. Хуулинд заасан хугацаанд л хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд ажиллаж байна. МТШХХГ-ын зүгээс хийх ёстой ажлаа л хугацаанд нь амжилттай гүйцэтгэлээ. Одоо бид шинээр гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байна. Шинэ тутам учир төсвийн бүх байгууллагаас лавлах, тодруулах асуудал гарч байна. Тусгай баг гарган 24 цагаар зөвлөгөө өгч ажиллаж байна. Цаашид хуулинд заасан 2016 онд орох нэгдсэн цахим хуудасны асуудал үе шаттай хийгдэх байх. Энэ асуудал хуулиараа Сангийн яамны хариуцсан ажил байгаа.
-Төрийн байгууллагынхан, уг хуудсанд мэдээлэл оруулах үүрэг бүхий хүмүүс бүрэн бэлтгэгдэж чадсан уу, чадахгүй мэдэхгүй зүйл гарахгүй биз. Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ хуулийн талаар мэдээгүй, сонсоогүй гээд хэрэгжүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж анхааруулсан даа.
-Хуулийг бүгд л дагаж мөрдөхөөр чармайн ажиллаж байна. Би дээр хэлсэнчлэн шинэ тутам учир асуух, тодруулах, системтэй ажиллаж сурахад хүндрэлүүд гарч байна. Гэхдээ төрийн албан хаагчид энэ бэрхшээлүүдийг асуудал гэж харахгүйгээр богино хугацаанд суралцаж байгаад баяртай байна. Юм бүхнийг муугаар харж чичилж суухаа болиод хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангахыг л харах нь чухал биз дээ. Ажил хийж байхад асуудал их байдаг тэр дундаа шинэ зүйл дээр.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ТӨСВИЙН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Б.НЭРГҮЙ: ЭХНИЙ САРААС Л ҮР ДҮН ХАРАГДАХ БОЛНО
-Шилэн дансны тухай хуулийг энэ оны 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэх мессежийн иргэн бүр авчихсан, яг яаж хэрэгжих бол хэмээн хүлээж байсан бололтой. Долоо ч хоноогүй байхад л энэ хуулийн чинь хэрэгжилт нь хаана байна хэмээн лавлаж, цахим хуудсаар нь орж мэдээлэл хайж, шийдвэр хаанаа байна, мэдээлэл нь хаачив гэж байна. Хуулийн хэрэгжилтийг ямар түвшинд явж байна?
-Хуулийн хэрэгжилт эхэлсэн. Иргэд олон нийт асуух нь зөв л дөө. Энэ хуулийн хэрэгжих үйл явц, төсвийн ил тод байдлыг бий болгох хүлээлт асар их байгааг илтгэж байна гэсэн үг. Шинэ оны ажлын өдрүүд эхлээд хоёр хонож байна. Оны эхэн үе, санхүүгийн жилийн эхлэл учраас төсвийн байгууллагуудын хувьд гүйлгээ хийгдэж эхлээгүй байгааг юуны өмнө дурьдах нь зөв байх. Хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас журам баталсан. Уг журамд зааснаар төсвийн тухай мэдээллийг хуульд заасан байгууллагууд 19 хавсралтаар ил тод байршуулах үүрэгтэй. Гэхдээ хуулиар батлагдаад, одоо яг өнөөдрийн байдлаар бэлэн байгаа 2015 оны батлагдсан төсөв, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлт зэрэг мэдээллийг Шилэн дансны тухай хуулинд заасны дагуу www.shilendans.gov.mn цахим хуудсанд Ерөнхийлөгчийн Тамгын газар хоёр хавсралтаар байршуулсан байгааг харж болно. Үлдсэн мэдээллүүдийг цаашид төсвийн зарцуулалт гүйлгээ хийгдэх тухай бүрхуулинд заасны дагуу хугацаанд нь байршуулна. Тодруулж хэлбэл төсвийн гүйлгээ хийх эрх хараахан нээгдээгүй учраас мэдээлэл байхгүй байгаа гэдгийг иргэдэд сайн ойлгуулах учиртай.
-Улаанбаатар хотын захиргаанаас бид хуулийг хэрэгжүүлэхийн тулд манлайлан ажиллах болно зарлагын мэдээллээ ил тод нийтлээгүй бол ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн институтын зүгээс ч хууль санаачлагчийн хувьд санхүү төсвийн мэдээллийн ил тод болгох энэ ажилд манлайлах шаардлага гарч байгаа гэж ойлгосон. Тамгын газрын хувьд хууль хэрэгжүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна?
-Ерөнхийлөгчийн Тамгын газар манлайлж оролцох нь гарцаагүй. Ийм учраас бид хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулж ажилласан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсвийн тухай мэдээллийг нэгдсэн цахим хуудсанд байрлуулах журам боловсруулсан. Уг журмаар мэдээлэл байршуулах, хяналт тавих албан тушаалтны үүргийг тодорхой зааж өгсөн.
Мөн уг хууль хэрэгжихтэй холбогдуулан хууль санаачлагчийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хууль таниулах, хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар мэдээлэл өгч ажиллалаа. Эдгээрээс дурьдвал 2014 оны аравдугаар сарын 31-нд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах нээлттэй хэлэлцүүлэг, 2014 оны арванхоёрдугаар 18-нд Шилэн дансны тухай хууль хэрэгжихэд 14 хоног үлдлээ гэсэн зөвлөгөөн зэргийг зохион байгууллаа.
Яг өнөөдрийн байдлаар цахим хуудсанд бэлэн байгаа мэдээллээ байршуулсныг дахин хэлье. Цаашид ч бид хуулийн хэрэгжилтэд манлайлан оролцоно.
-Энэ хуулийн үр шим нь хэзээнээс харагдаж эхлэх бол?
-Үр шим, үр дүн нь маш богино хугацаанд олон нийтэд мэдрэгдэж, харагдах учиртай. Яагаад гэвэл татвар төлөгчдийн мөнгийг хэн, хэрхэн, юунд, яаж зарцуулж байгаа нь эхний нэг сарын зарцуулалтаас л харагдах болно. Цаашилбал шилэн дансны цахим санд нээлттэй байршуулсан эхний зургаан сарын төсвийн орлого, зардлын зарцуулалтыг иргэд, олон нийтийн зүгээс хянаад, үнэлэлт дүгнэлт өгч, үр шимийнх нь талаар илүү дэлгэрэнгүй ярилцах боломжтой болно байх гэж бодож байна.
САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САНГИЙН ГАЗРЫН ДАРГА Ч.ТАВИНЖИЛ: ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТАД ЭЕРЭГ НӨЛӨӨ АВЧИРНА
Шилэн дансны хууль хэрэгжиж эхэллээ. Сангийн яамны хувьд хуулийн хэрэгжилтэд чухал үүрэгтэй оролцож байгаа гэж ойлгож байгаа. Эхний байдлаар хуулийн хэрэгжилт ямар дүр зурагтай харагдаж байна?
-“Шилэн дансны хууль” батлагдсантай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой шилэн дансанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг Засгийн газраар батлуулсан. Сангийн яам хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад хууль, журмын талаарх мэдээллийг богино хугацаанд жигд хүртээмжтэй олгоход онцгой анхаарч 3000 орчим төсвийн байгууллагын 5000 орчим албан тушаалтанд сургалтыг хийж, гарын авлагыг бүх төсвийн байгууллагад хүргүүлээд байна.
Засгийн газрын санаачлагаар МТШХХГазар шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн. Сангийн яам хуульд заасан хугацаанд буюу 2016 онд шилэн дансны цахим хуудсыг эрхлэн зохион байгуулж эхэлнэ. Ингэхдээ одоо хэрэгжиж эхлээд байгаа shilendans.gov.mn сайтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлж төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа программ хангамж болон төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналтад ашиглагдаж байгаа бусад програм хангамжуудын хоорондын уялдаа холбоог хангасан шийдлийг гаргаж ирэхийг зорьж байна.
Хууль хэрэгжүүлэгч байгууллага бүр өөрийн цахим хуудас болон shilendans.gov.mn хаягаар орж нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ хуулийн хугацаанд нь байршуулна. Мөн алслагдсан орон нутагт үйл ажиллагаа явуулдаг цахим хуудас ажиллуулах боломжгүй байгууллагын хувьд мэдээллийн самбарт шилэн дансны мэдээллээ хуулийн хугацаанд нь мэдээллэнэ. Сангийн яам Монгол улсын санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхаа хувьд улс орны төсөв санхүүтэй холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлж ажиллах болно.
-Энэ хуулийн ач холбогдол, үр дүн нь хэдий үеэс мэдрэгдэж эхлэх бол?
-Төсвийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй зохион байгуулахад энэ хууль нэлээд түлхэц болно. Түүнчлэн татвар төлөгчдийн мөнгө олон нийтэд нээлттэй болж байгаа нь өөрөө төсвийн зарцуулалтад эерэг нөлөө авчирна гэсэн хүлээлтийг бий болгож байгаа. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөсөө үр дүн гарч эхэлж байгаа гэж ойлгож байна.
-Ажлын эхний энэ өдрүүдэд төсөв санхүүтэй холбоотой ямар нэг шийдвэр, худалдан авалт гараагүй юм уу, үүнийг нь хэдий хугацааны дотор мэдээллэх ёстой юм гэж уншигчдын зүгээс асууж байна. Хуулин дээр яг юу гэж байгаа вэ?
-Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шатандаа явж байна. Энэхүү тодотгол батлагдмагц төсвийн санхүүжилт олгогдоно. Санхүүжилт олгосноос хойш төсвийн зарцуулалтаа байгууллага бүр шилэн дансанд хуулийн хугацаанд тухай бүр тогтмол мэдээллэнэ. Ямартаа ч одоогоор бүх төсөвт байгууллагууд 2014 оны урьдчилсан төсвийн гүйцэтгэлээ байршуулж эхлээд байна.
Б.МАНДАХ