Үндэсний үзэл санаанд хөтлөгдөөгүй түүх бичлэг үймүүлэхээс цаашгүй
Түүх бол тодорхой жишээн дээр
сургаал айлдах философи юм.
Thucydides
Афины түүхч, философич, жанжин
Түүх бичлэгийн тогтвортой чанар
Монгол улсын Ерөнхий сайд асан, түүхч Анандын Амар "Эх түүхийн сайн нь ч, муу нь ч миний багш" хэмээн сургажээ. Онож хэлсэн үг. Гэхдээ яг эндээс дараах асуултууд ургаж гарна.
-Түүхэнд болоод өнгөрсөн зүйлсийг ямар үндэслэлээр сайн, муу гэж дүгнэх, ялгах вэ?
-Түүхэн үйл явцыг сайн, муу гэж үнэлэхийн тулд ямар зарчим, шүүлтүүр ашиглах ёстой вэ?
Түүхэн цаг хугацаанд болж өрнөсөн үйл явдлыг хэн, хэрхэн, ямар өнцгөөр харснаас хамаараад үнэлгээ нь эрс тэс болчих нь буй. ХХ зууны коммунист түүх бичлэгт В.И.Лениний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нарны гэрэл лугаа зүйрлэж, энэ нь тэр дороо урлагт тусгалаа олдог байлаа. Хаа холын Монголд хүртэл
Заяа тавилангийн цоож хаалганд түлхүүр хийж
Зарцын нүдийг нээсэн юм аа хө
Заасан ном нь хууль болж
Заавал мөнхрөх Ленин багш минь
Замбутивийн найдлага юм аа хө хэмээн дуулж байлаа.
Гэтэл ХХI зууны түүх бичлэгт Ленинг адгийн шаар, энэрэхийг мэдэхгүй алуурчин, эхнэрийнхээ хажуугаар эмстэй явалдагч гэж үзэх үнэлэмж давамгайлах болсон. Владимир Ильич Ульянов-Ленин гэж хүн бодитоор байсан уу гэвэл байсан. Гэтэл тэр хүнийг янз бүрийн цаг хугацаанд, яагаад ийм эрс тэс үнэлнэ вэ гэхээр нэг зүйлийг анзаарч болно. Тухайн цагийн үзэл санаа шүүлтүүр нь болж өгдөгт гол учир нь байна. Ангийн тэмцэл, пролетари ангийг дээдлэх үзэл санаагаар бол "Зарцын нүдийг нээсэн" гэдэг нь коммунист түүх бичлэгийн шүүлтүүр ажээ. Тэгвэл Марксын онолдож, Лениний амьдралд хэрэгжүүлсэн "пролетарийн засаглал" 82 жил наслаад нуран унахад дараа үе нь Ленин буруу замаар будаа тээж, одоогийн бидний хүндрэл, зовлонг бий болгосон гэх шүүлтүүрээр түүхэндээ хандах болсон. Энэ шүүлтүүрээр түүхийг эргэж хараад пролетаричууд жинхэнээрээ засаглаж чадсан уу, коммунизм ямар завхралд хүргэв гэх мэтээр дуусашгүйгээр түүхийг ахин бичихэд хүрсэн ажээ.
Улс бий болох, засаглалын хэлбэрээ өөрчлөх бүрт өөрийн үзэл санаа, түүнийг дагалдах сурталтай болдог. Тийм болохоор улс, засаглал өөрчлөгдөх бүрт түүхээ өөрчлөх зовлон учрах нь гарцаагүй.
Тэгвэл энэ гажуудлаас ангижрах ямар арга байгаа юм бэ? Бэлэн ерөндөг байгаа нь ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ САНАА (national ideology) болой. Үндэсний үзэл санаа бол одоо болон ирээдүйд үндэстний орших, тэсч үлдэх стратеги бөгөөд иргэдийн хувийн итгэл, үнэмшил, нийгэм дэх янз бүрийн бүлгийн сонирхолзэргийг даван гарч үндэстнийг нягтруулж, нэгтгэх, ард түмний зонхилох хэсгийнхний сонирхлыг илэрхийлсэн үзэл баримтлал юм.
Үндэсний үзэл санаагүйгээр Үндэстэн урт хугацаанд оршиж чадахгүй. Үндэстэн бол төр засаг, улс шиг тогтворгүй бүтэц биш,маш тогтвортой, түүхийн урт хугацаанд орших чадвартай бодгал билээ.
Монгол үндэстний түүхэнд маш олон улсууд мандаж, буурч, сөнөж мөхөж байсан. Харин үндэсний үзэл санаа нь тодорхой байгаагүйгээс үндэсний түүх бичлэг нь цогц, цэгцтэй болж чадсангүй өдий хүрчээ.Энэ утгаараа монголын түүх бичлэг үндэстэндээ философи болж, ирээдүй хойч үедээ сургамж болох, замыг нь заах чанараа харуулж хараахан чадаагүй явна.
Жүүд, хятад зэрэг үндэстнүүд чухам энэ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ САНААГ мянга мянган жилээр тогтвортой хадгалж, үүндээ үндэстнийхээ түүх бичлэгийгтууштай захируулан бичиж иржээ. Тийм ч учраас хэдий олон арван сая иргэнийхээ аминд хүрсэн ч, хятадын үндэсний үзэл санаанд нийцсэн бодлого, үйл ажиллагаа явуулж, хятадыг орчин цагийн их гүрнүүдтэй эн зэрэгцэх төвшинд аваачих суурийг тавьсан Мао Зе Дуныг хятадын түүх бичлэгт хараар буддаггүй юм.
Түүх бичлэг түүхийрсэн жишээ
Энд бид тухайн улс үндэстэн, ард түмний түүхэндээ хандахнийтлэг зарчим, нэгдмэл ойлголтын талаар өөрөөр хэлбэл албан ёсны түүхийг бүтээх талаар л хөндөж байна. Хувь хүн ямарваа түүхийг юу гэж үзээд, яаж бичих нь түүний л хэрэг.
Саяхан "Селигер-2014» залуучуудын форум дээр В.Путины хэлсэн үг казахстанд ихээхэн эгдүүцэл, дургүйцлийг бий болгов. Путин Назарбаевыг цэгцтэй удирдагч гэж үнэлээд "Тэр маш онцгой зүйлийг хийсэн. Хэзээ ч төр улс оршиж байгаагүй нутаг дээр тэр төр улс бий болголоо шүү дээ.Казахуудадтөрт ёс огт байгаагүй» гэж хэлсэн билээ. Казахууд үүнд эмзэглэх нь утгагүй хэрэг. Яагаад гэвэл Н.Назарбаев өөрөө 2011 оны 7 дугаар сард "казахуудад өмнө нь хэзээ ч өөрийн төр засаг, улсын хил, тэр ч байтугайөөрийн ашиг сонирхлоор босгосон нийслэл хот гэж байгаагүй" хэмээн айлдсан бус уу.
Путины хэлсэн үгтэй холбоотойгоор өрнөсөн маргаан сүүлдээ казахт төр улс бий болсны 550 жилийн ой гэж юмыг ирэх жил ёслон тэмдэглэх хийрхлээр үргэлжлэв. Оросын Ерөнхийлөгчид чангахан хариу өгөх гэж хичээхдээ казахууд түүхийг бүрмөсөн гуйвуулж, байгаагүй улсын ойг бардамнан тэмдэглэх гэж байна. Ер нь Казахстаны түүх бичлэг бүрэн дампуурчихаад байгаа юм. Үндэсний үзэл санаа тэдэнд байхгүй болохоор нэг хэсэг өөрсдийгөө түрэг гаралтай гэж зарлаад Туркуудтэй саймшрав .Туркт айлчлах үедээ 2012 оны 10 сарын12-нд Н.Назарбаев: "өвөг дээдэс туркууд та бүхэн минь түүхэн эх орон, Түрэгийн хаант улсаас ийшээ нүүж ирэхдээ түрэг түмний нэрийг хамт аваад ирсэн» гэжээ.
Үүнтэй зэрэгцүүлээд Монголын түүхийг өөрсдийн болгох гэж муйхарлан, Чингис хаан казах хүн байсныг нотлох гэж үйлээ үзэн, дэлхийн элэг доог болсон билээ. Хунтайж Давааням гэх марзан этгээдээс өргөмжлөл, медаль худалдаж авсан К.Закирья гэх казах "түүхч" – Монголчууд миний олон жилийн судлалгаанд тулгуурлан Чингисхааныхаа казах гарлыг хүлээн зөвшөөрч эхэллээ гэж дэмийрсэн ч байх шиг.
Оросын түүхчид казахуудын бухимдалд тов тодорхой хариу өгдөг. 550 жилийн өмнө монголын Алтан Ордны улсыг нуран унасны дараа одоогийн казахын нутагт оросын протекторат(эзэн) эрхийг хүлээн зөвшөөрсөн олон овгууд л байснаас бус ямар ч бие даасан улс байгаагүй ажээ. Казахын ханлиг гэж овгийн нэгдэл нь бусад дундаа арай том байсныг улс гэж дөвийлгөж үзэхгүй л бол төрт ёсыг илэрхийлэх ямар ч шинж тэмдэг тэдгээр овгуудад байгаагүй гэнэ.ХХ зууны дунд үе хүртэл хоорондоо ямар ч эв нэгдэлгүй овгууд оршсоор "казахуудын гол дайсан нь – казахууд өөрсдөө юм» хэмээх хэлц үг эргэлддэг байжээ.1920-иод онд А.Байтурсынов зэрэг "казахын» удирдагчид өөрсдийгөө киргиз-кайсакууд буюу талын киргизүүд хэмээн бичиж, тэмдэглэдэг байжээ. 1936 онд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орох үед л "казах» гэх угсаатны нэршил анх тэмдэглэгдсэн хэмээн оросын түүхчид батлаж байна.
Казахууд түүх бичлэгтээ ингэж будлиад, самуураад байгаа нь домогт философич Г.В.Ф.Хегелийн бий болгосон түүхийн философийн тулгуур зарчмуудыг хэрэгжүүлэх гэж ядаад байгаатай нь холбоотой юм. Түүхийн философи нь үндэстнүүд түүх бичлэгтээ дараах зарчмуудыг баримтлахыг санал болгодог.
Түүхэн үйл явдал, түүхэн баатрууд болон соёлын өвийг өөриймсүүлэх зарчим. Ингэхдээ мэдээж санаагаараа зохиож болохгүй тодорхой баримт, эх сурвалжид тулгуурлах ёстой. Казахууд өчүүхэн жоохон сэжүүр олдоход хөөрөн баясч, бушуухан өөрийн болгох гэж ихэд хичээж байгаагийн нэг нь Их монгол улсын үеийн сурвалжид дурдагдсан зарим нэг овог, аймгийн нэртэй төстэй дуудлага бүхий овгууд казахстанд одоо байгаа явдал юм.
Бүх баримт, мэдээллийг ашиглан өөрсдийн түүхийг боломжоороо урагшлуулах зарчим. Казахстаны түүхчид 1994 оноос анхны үндэстэн улсаа байгуулсан гэж байснаа 1936 он болгоод, одооноос төр улсынхаа 550 жилийн ойг тэмдэглэнэ гэдэг нь үүний илрэл. Түүхийн философийн энэ зарчмыг баримтлах юм бол бид Тусгаар тогтнолоо сэргээж тунхагласан өдрөө 12 сарын 29-нөөс урагшуулах боломжийг шууд ашиглах ёстой. Хятадын өмнөд мужуудаас эхлэсэнүймээндаамжирсаар манжийн засаглалганхаж эхлэсэн завшааныг ашиглан монголчууд1911 оны 11 дүгээр сарын 30-нд “Халхын Хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” гэх Түр засгийн газрыг байгуулжээ. Богд Жавзандамба хутагт энэ өдөр: “Одоо Монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан, бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдрүүдийг үзэхгүй цаг болсон” гэсэн нь Тусгаар тогтнолоо тунхагласан хэрэг байлаа. Түр Засгийн газрын тэргүүн Түшээ гүн Чагдаржав албаа авангуутаа Богдын Тусгаар тогтнолын тунхаг-лүндэнг Өвөр Монгол, Барга, Алашаа, Хөх нуурын монголчууд руу яаралтай түгээж тун удахгүй 12 сарын 29-ний билэгт сайн өдөр Богд Жавзандамбыг Монголын хаан ширээнд залах гэж байгааг давхар мэдэгдсэн байдаг.
Тэгэхээр 12 сарын 29 бол Богд Жавдамба хутагт хаан ширээнд сууж, Тусгаар тогтнолоо төрийн их ёсоор ёсчилсон өдөр юм. Энэ өдрийг бус Тунхагласан өдрийг гол болгон тэмдэглэхийн учир холбогдлыг дурдвал:
- 1911 оны 12 сарын 29-нд Богдтой барьцах маягтайгаарНанжинд Сүн Ят Сенийг Хятадын түр Ерөнхийлөгчөөр зарласан нь давхцаж байна. Хэдийгээр 1911 оны 11 сарын 27-ноос эхлэн хятадын мужууд ээлж дараалан манжаас тусгаарласнаа зарлаж байсан ч бүхэл хятад улс 12 сарын 29-ний өдөр л Манжаас тусгаар тогтносноо зарлаж, Сүн Ят Сен “Үндэсний тусгаар тогтнолоо сэргээхийн тулд бид юуны өмнө Хятад үндэстнийг бүхэлд нь сэргээх ёстой” хэмээн тунхаглаж байжээ. Тийм учраас 11 сарын 30-ны өдрийг Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан өдөр болгон сараарурагшуулж тэмдэглэвээс бид он цагийн хувьд хятадаас тусгаар тогтнолоо түрүүлж зарласан хэрэг болж байгаа юм.
- Нөгөө талаар 12 сарын 29-ний өдөр нь шинэ жилийн баяр ёслолтой давхцдаг, хүйтэн хахир үед тохиодог болохоор өргөн тэмдэглэгдэхгүй, тэгэсгээд өнгөрчбайгааг нөхөж, цаг уур аядуу 11 дүгээр сард шилжүүлснээр бүхний анхаарлын төвд орсон баяр болгох боломжтой юм.
- Ихэнх улсууд тусгаар тогтнолоо тунхагласан өдрийг гол болгон тэмдэглэдэг бөгөөд ёсчилсон өдрөө дурсаад л өнгөрдөг. Жишээ нь: АНУ 7 сарын 4-ний өдрийг Declaration of Independence-Тусгаар тогтнолын тунхаглалыг Конгресс батласан өдөр болгон нийтээрээ тэмдэглэдэг мөртөө ёслолын ажиллагаа явагдсан өдрийг дурсдаггүй, тэмдэглэдэггүй билээ.
- 11 сарын 26-ны өдрийг Улс тунхагласан өдөр гэж ташааран үзсээр байгааг нэгмөр болгоход ч энэ нь нэмэртэй юм. 1924 оны 11 сарын 26-нд монголчууд анхдугаар Үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах засаглал буюу парламентат ёсыг тунхагласан нь үнэн. Харин энэ Үндсэн хуулиар тусгаар тогтнолоо олсон эсэх, парламентат ёс жинхэнэ утгаараа хэрэгжсэн эсэх нь маргаантай. Тийм учраас бодитоор тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 11 сарын 30-ны өдрийг баяр ёслол дүүрэн тэмдэглэх нь утга төгөлдөр бус уу.Энэ өдрийн талаар Японы монголч эрдэмтэн Наками Тацуо "Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан явдал нь Манжийн засгийн эсрэг 1911 оны Хятадын хувьсгалын үр дүн гэж үзвэл том эндүүрэл.Хятадын хувьсгалын эхлэлтэй бараг зэрэгцээд монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан» гэж үнэлсэн байдаг.
Монголын тулгар төр 1206 байгуулагдсан гэж мэдэмхийрэх ухаантнууд ч цөөнгүй таардаг. Тулгар гэдэг нь анхны гэсэн утга. Анх төрөх гэж байгаа эмэгтэйг тулгар эх гэдэг. Шинжлэх ухаанд олдсон баттай баримт эх сурвалжид тулгуурлан хэлэхэд МЭӨ 198 онд Хан улс Хүннү гүрнийг өөрсөдтэйгээ эн тэнцүү улс болохыг хүлээн зөвшөөрч найрамдлын гэрээ байгуулсан шүү дээ. Тэгэхээр тулгар төр мэдээж түүнээс ч өмнө байгуулагдсан байж таараа. МЭӨ 198 онд Хан улсыг айлгаж, хүлээн зөвшөөрүүлж байсан улсад багаар бодоход 200 жилийн төрт ёсны түүх байсан байж таараа. Цаасан дээр тэмдэглэж, гэрээ баримт нь үлдсэн он цагаар ярьж байгаа нь МЭӨ 198 он.
Гэтэл Монголын түүхч гэх зарим хүн Хүннү нар монгол биш гээд зүтгэж байдаг. Энэ бол тэнэглэл. American Journal of Physical Anthropology сэтгүүлийн 2006 оны дугаарт Эгийн голын хөндийгөөс олдсон 2300 жилийн өмнөх хүннүчүүдийн олдвороос авсан генетикийн дээж, одоогийн Монголын янз бүрийн хэсгээс сонгосон хүмүүсийн сорьцын өгөгдөхүүнд харьцуулсан судалгаа хийсэн дүн нийтлэгджээ. Энэ судалгаагаар хүннү болон одоогийнмонголчууд генетик, гарвал зүйн хувьд нэг төрлийнх болох нь хөдөлбөргүй нотлогдсон юм.
Тэгэхээр казахууд гэлтгүй бид ч гэсэн Үндэсний үзэл санаагаа эхлээд тодорхойлчихбол түүндээ захируулан түүхээ бичих нь үр дүнтэй байх болов уу. Төрт ёсны уртаас урт, бодитоос бодит түүхтэй монголчууд өдий хүртэл түүх бичлэгээ нэг мөр болгож чадаагүй яваа нь харамсах зүйл мөн.
Болоод өнгөрчихсөн үйл явдал, бичиг баримтуудыг цуглуулаад түүхээ бичвэл ядмагхан он дарааллын бичиг л болно. Зөвхөн баримтанд тулгуурлах нь ч учир дутагдалтай. Яагаад гэвэл түүхэн баримтууд тэр бүр үнэний гэрч биш. Их хэлмэгдүүллийн үеийн баримтууд олноороо байдаг ч хоорондоо маш зөрчилтэй, тийм болохоор тэдгээрт тулгуурлансайн, мууг тодорхойлох нь боломжгүй зорилт байх юм.
Түүх бол өнгөрснөө тоочих хэрэгсэл бус, одоо болон хойчийн замаа чиглүүлэхэд баримжаа болох ухаан юм. Түүхийг нэрээ мөнхжүүлэх, тийм айхтар хүн төдий өдий үед байсан юм гэлээ гэх дурсамж төдийгөөр ойлгодог хүн олон байгаа цагт үндэсний түүхийг үндэсний үзэл дор бичих нь амаргүй зорилт байх нь тодорхой.
Үндэсний үзэл санаа хэрхэн бүрэлддэг вэ?
Үндэсний түүх маань монголчуудынүе дамжуулан мөнхөд дээдлэх үнэт зүйл, уламжлал, чиг баримжаа, залгамж мөн чанар байхын тулд үндэсний үзэл санаагаар цэнэглэгдэх ёстой. Тэр Үндэсний үзэл санаа хаана байна аа?
Тэртээ XIII зуунд бол суут дээдэс Чингис хаан маань хамаг монголчуудын үндэсний үзэл санааг тодорхойлж, уриалж хөдөлгөж чадсан болохоор "Мөнх тэнгэрийн хүчин дор" далай их гүрнийг байгуулсан.Одоо бидэнд тэрний хэлтэрхий ч үлдээгүй.Мартчихсан, залгичихсан сууж байна.
Үндэсний үзэл санааны орчин цагийн бодит биелэлболгон америкийг дурдаж болно. Судлаачдын тодорхойлсноор америкийн үндэсний үзэл санаа нь гурван халим дээр тогтож байдаг ажээ. Энэ нь Democracy, Аmеrican Dream,God bless America !гэх итгэл гурав юм. Америкийн Үндэсний үзэл санаа нь төрийн бодлогын тогтвортой байдал болон иргэдийн өөрийн чадал боломжинд итгэх, оюун санааны эрхэм дээд эрмэлзлэлд итгэх итгэлийн хамгийн сайн хослол болж чадсан ажээ.
Ардчилал гэдэгт тэд-ард түмний нэгдэл, холбооны засаг болон муж улсуудын холбоог бэхжүүлэх сайн засаглал, гадны түрэмгийллээс хамгаалах бодлого, үндэстний цэцэглэлтийн үндэс болсон шудрага ёс, иргэдийн эрх, эрх чөлөөг одоо болон ирээдүйд хамгаалах бат итгэлийг ойлгодог.Ардчиллыг энэ дэлхийн хаана ч, хэзээ ч хамгаална гэдэг нь гадаад бодлогоо зөвтгөх гол хэрэгсэл нь болж байдаг.
Америк мөрөөдөл гэдэг нь тэгш эрх, хязгааргүй боломжийн илэрхийлэл бөгөөд ядуу жүүд фермерийн хүү Аврам Линкольн, кенийн цагаач харын хүү Барак Обама нар бол "америк мөрөөдлийн» биелэл юм. Нөгөө талаараа энэ нь өөрийн гэх орон гэр, өндөр цалин, нэр төр бүхий хангалуун амьдралын стандартыг илэрхийлдэг утга ажээ.
200 жилийн түүхтэй америкийн төрийн дуулалд:
… And this be our motto: "In God is our trust": гэсэн мөр бий.
Мөнгөн тэмдэгт дээрээ үүнийг жоохон хувиргаад In God We Trust болгосон байдаг. Өндөр дээд үзэл санаа, далдын хүч америк орныг ивээж байдаг гэж итгэх нь ард түмнийг нягтруулах ганган арга ажээ. Санаагаар унаж арга мухардсан нэгэнд тайвшрал, сэргэлт өгөх үзэл санаа бол Бүтээгчийн ивээлээс өөр юу байх билээ.
Энэ бүхнийг нэгтгээд Pax Americana буюу Америкийн амар амгалан гэх агаад үүнийг анх 1890-ээд онд Индиана мужаас сонгогдсон сенатор Альберт Ж Бевериж дэвшүүлжээ. Хүн төрөлхтөн урт хугацаанд амар амгалан байсан цөөхөн үеүд бий.Pax Romanica, Pax Mongolica, Pax Britannica… зэрэг үест дайн дажингүй байсан гол шалтгаан нь хүчирхэг хэт их гүрэноршиж, бусдыгаа эрхшээж байсантай холбон тайлбарладаг.Түүн лугаа адилаар одоо цагт АНУ хэмээх хүчирхэг гүрэн байж, дэлхийн шинэ дэг журмыг тогтоосноор амар амгалан үргэлжлэнэ гэсэн итгэлийг тэд дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд түгээдэг.
Америкийн үндэсний үзлээр иргэдээ бага балчраас нь хүмүүжүүлснээр эх оронч, ард түмнийхээ төлөө ихийг хийх эрмэлзлийг нь өдөөж, энэ нь хувийн амьдралд нь сайн сайхныг авчирдаг гэж тэд хатуу итгэдэг бөлгөө. 1950-иад онд америкийн үндэсний үзэл санаа бүрэлдэж дууссан гэж үздэг агаад энэ үед АНУ-д судлагаа хийж асан Alexis de Tocqueville гэх эрдэмтэн "Хятад, ЗХУ-аас ч илүү Үндэсний үзэл санааны чанд уламжлал энд байна" гэж бичиж байв.
Америкийн үзэл санааг хэн бий болгосон гэхээр тодорхой эзэн байхгүй.Энэ бол үе үеийн шилдэг сэхээтнүүдийн нөр их хөдөлмөрөөс бүрэлдсэн эд гэнэ. Үндэстний шилдэг оюун ухаануудын олон арван жилээр бий болгосон Үндэсний үзэл санааны ачаар АНУ дэлхийн тэргүүлэгч гүрэн хэвээрээ үлдэж байна.Үндэсний үзэл санаа байгаа учраас америкийн түүх тогтвортой чиг шугамтай.Ямар ч засаг гарч ирсэн түүхийг хөндөхгүй болж чаджээ.
Үндэсний үзэл санаа нь нэг амьсгаагаар бүтээчих зүйл биш. Аажим хувьслаар бүрдэж, биежиж тодордог. Гэхдээ бид суурийг нь эртхэн тавих ёстой.Үүнд баримтлах хоёрхон зарчим байдаг аж.
- Хувь иргэний болон нийгмийн ашиг сонирхлыг бүхэлд нь тооцож, нэгтгэж чадсан байх ба төрийн үндсэн үүрэг нь нь энэ ашиг сонирхлыг хангахад чиглэх ёстой
- Хүн бүрт ойлгомжтой, тогтооход амархан байх ёстой.
Одоо надад асуулт байна. Монголын Үндэсний үзэл санааг цогцлоох их үйлсийг хэн эхлүүлэх вэ?
Р.БАТСАЙХАН
Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл