Улсад хамгийн томдоо тооцогдох Улсын их дэлгүүрээр жишээлээд нэгэн асуудлыг хөндөх гэсэн юм. Жишээ болгосны учир нь бусдадаа үлгэр жишээ болох мундагуудын нэг болохоор тэр.
Их дэлгүүрийн үйлчлүүлэгчдэд нэгэн нийтлэг зовлон бий. Тэр нь өвлийн нүсэр, хүнд гадуур хувцсаа чирээд дулаахан, том, багагүй цагийг маань зарцуулдаг үзэж харах юм ихтэй дэлгүүрээр “шопинг хийх” явдал. Гадуур хувцастайгаа халууцна, бариад явахаар ядарна. Ядаж байхад бас худалдан авалт хийчихмээр санагдсан ч тээртэй хувцсаа барих шаардлагатай тул зарим зүйлийг дараа авахаар шийдээд өнгөрөх үе ч бий.
Аргаа ядсан зарим нь хүнсний хэсэгт орохдоо тээш хадгалах дөрвөлжин хайрцагт хувцсаа чихээд орхичихно. Гэвч тэр хайрцаг нь хэмжээгээрээ томхон цүнх ч багтахааргүй, ядаж л хийсэн хувцас үрчийх гэхчлэн маш төвөгтэй. Мөн тооны хувьд ч хангалттай биш тул “одтой хийморьлог хүмүүс” л тэнд ижил бараагаа үлдээгээд орно. Хүүхэдтэй явж байгаа хүмүүс бүр өрөвдөлтэй. Өөрсдийнхөө хувцсыг, дээр нь хүүхдийнхээ хувцсыг бариад, хүүхдээ чирээд явж байгаа хэрнээ худалдан авалт хийчих санаатай түчигнэнэ. Зарим нэг нь доторх сандал дээр хамаг юмаа нэгэндээ өгч мануулчихаад, наймаа хийж яваа дүр зураг ч харагдана.
Өлгүүр байхгүй үйлчилгээний төвүүдээс том цүнхний, бараа сэлт хадгалах тээшний сав асуугаад ч нэмэргүй нь тодорхой. Уг нь нэр хүндээ бодсон ч, ашиг орлогоо бодсон ч иймэрхүү үйлчилгээ байлгаж болмоор.
Худалдааны төв бүрийн нийтлэг дүр төрх иймэрхүү.
Кино театр, үзвэрийн газрууд ч дээрдээд байх зүйлгүй. Өлгүүрчин гэх орон тоонд нэг хүн ажиллуулах төсвөө хэмнэлэг юм уу, тийм үйлчилгээ байх ёстой булангаа өөр нэгэнд түрээслүүлж, мөнгө олох нь илүү гэж үздэг юм уу, бүү мэд.
Үйлчлүүлэгчдийг “хаан” хэмээдэг атлаа өнөө хааныхаа тав тухыг нь боддоггүй, тээшний булан гаргаад өгчих сэтгэлгүй, зарим нэг нь бүр 00-ийн өрөөгөө түгжиж өмчирхдөг, дэндсэн газрууд ч бий.
Үйлчилгээний газар юм бол үйлчилсэн шиг л үйлчилмээр байна. Бүр ядаж өвлийн улиралд өлгүүрийн булантай болж болохгүй гэж үү.
Б.ШАРХҮҮ