Тайваний далбаа
Вашингтонд шинэ жилийн баяраар Тайваний далбаа мандуулсан нь Хятадын дургүйцлийг төрүүллээ. АНУ 1979 онд Хятадтай дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилийн дараа Тайваний далбаа анх удаа Вашингтонд манджээ. Энэ нь Хятадыг өдөөн хатгасан шинжтэй үйлдэл боллоо гэж ажиглагчид үзэж байна. Ялангуяа арлын ард иргэдийн дунд Хятадаас хараат бус байх хүсэл эрмэлзэл эрс нэмэгдсэн энэ үед Вашингтонд Тайваний далбаа мандсан нь анхаарал татаж байгаа юм. Магадгүй энэ нь санамсаргүй тохиолдол биш санаатай үйлдэл байж болох. Энэ үйл явдлын дараа Бээжин Вашингтонд хандан “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэж, дахин Тайваний далбааг мандуулахгүй байхыг анхааруулсан Вашингтон бараг л мэдэн будлиад өнгөрүүллээ.
Хятад худалдаа наймаа, эдийн засгийн гэрээ хэлцлээр дамжуулан Тайванийг өөртөө “уях” бодлогыг 2008 оноос түлхүү хэрэгжүүлж буй. Үүнийг Тайваний залуу үеийнхэн нилээд эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулах болсон юм. Учир нь Бээжин нь дэлхийн II дайны дараа Тайванийг Японы түрэмгийллээс буцааж авснаас хойш өөрийн нэг муж гэж үзсээр ирсэн.
Ерөнхийдөө Америкийн засгийн газар БНХАУ байгуулагдснаас хойш тус улсыг гагцаардуулах, хориглох бодлого хэрэгжүүлэх болсон гэж болно. Хятадын иргэний дайны төгсгөл 1949 онд коммунистуудад ялагдсан үндсэрхэг үзэлтнүүд Тайваний арал руу дүрвэн суурьшжээ. Гэтэл 1950 онд Америкийн Засгийн газар Тайванийг хамгаалах зорилгоор тэнгисийн цэргийн флот, агаарын цэргийн баазаа аралд байрьшуулсан байдаг. Улмаар 1954 оны 12-р сард АНУ, Тайваний эрх баригчид “Хамтаар хамгаалах гэрээ” гэдгийг байгуулсан түүхтэй.
Ямартай ч Хятадаас ёс заншил, соёл ялгаатай харъяат бүс нутгуудад ард иргэдийн эсэргүүцэл нэмэгдсээр буй нь Бээжингийн эрх баригчдын “толгойны өвчин” болоод байна. Тухайлбал, өнгөрсөн 2014 онд Хонгконгод сонгуулийн бүрэн эрхийн төлөө нийтийг хамарсан суулт, жагсаал олон хоног үргэлжилснийг Бээжин арай ядан “дарсан” юм. Хонгконгийн ард иргэд Бээжингээс хараат бусаар удирдлагаа сонгохыг хүссэн ч Хятад зөвшөөрөөгүй.
Хонгконгийн ард иргэдийн ардчилсан тэмцлийг Бээжинд “үнэнч” Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин дүгнэхдээ гадны улсаас /АНУ-ыг хэлсэн байж магадгүй/ өдөөн хатгаж, турхирсан гэж мэдэгджээ. Хонгконг удирдлагаа хараат бусаар сонгодог болвол Бээжингийн хяналтаас холдож, тусгаар тогтнох бодлого явуулах нь мэдээж юм.
Үүгээр ч зогсохгүй Хятадын “дарлалаас” гарах чин хүсэл, хүч эсэргүүцэлтэй Шинжаан-Уйгур, Түвдэд сэдэл өгөх аюултай гэж дүгнэж байна.
Б.АНХТУЯА