Ебукагийн “галзуурал” хийгээд Д.Энхтайваны “алтан гоол”

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Ебукагийн “галзуурал” хийгээд Д.Энхтайваны “алтан гоол”

Монголын хөлбөмбөгийн холбооны “Нийслэл лиг” тэмцээн сонирхолтой тоглолтуудаар үргэлжлэн явагдсаар байна. Энэ сарын 24, 25-нд лигийн тэмцээн үнэхээр гайхалтай хөлбөмбөгийн ур чадварыг харуулсан тоглолтоор өрнөлөө.

Эрдэнэт хотноо болсон лигийн энэ улирлын 24 дэх тоглолт нутгийн ард түмний баяр баяслаар өндөрлөх ёстой байж. Тоглолтын эхний үед талбайн эзэн “Хангарьд” багийн нигери легионер 15 дугаартай Паул Ебука болон “FC Ulaanbaatar” клубын хагас хамгаалагч 7 дугаартай Б.Бат-Эрдэнийн гоолуудаар 1:1 харьцаатай өндөрлөжээ. Нигери тоглогч сүүлийн тоглолтод хоёр гоол оруулсан бөгөөд энэ нь тохиолдлын биш, өөрийн ур чадвараар хийсэн гэдгээ илтгэн хоёрдугаар үед гаргаж, энэ тоглолтын хоёр дахь, нийтдээ дөрөв дэх гоолоо орууллаа. Ийнхүү өнгөрсөн жилийн аваргууд бага ч гэсэн хасагдах аюулаас мултарсан үзүүлэлттэйгээр нэгдүгээр тойргоо үргэлжлүүлж байна.

Лигийн 25 дахь тоглолтод зургаан удаагийн аварга “Эрчим” талбайдаа “Сэлэнгэпресс” багийг хүлээн авлаа. Тоглолт эхлээд удаагүй байтал манай хашир туршлагатай ахмад спортын мастер Энхбаярын хүү “Сэлэнгэпресс”-ийн Э.Чинбаатар 30 орчим метрийн зайнаас солгой хөлийн гайхалтай цохилтоор тэргүүллийг авчирлаа. Хөлбөмбөг үе дамжиж байгааг хүүгийн цохилт харуулсан болов уу. Дархан аваргууд ч хожигдох эрхгүй гэдгээ сайтар мэдэрч байсан учраас довтолгоогоо ширүүсгэлээ. Тун удалгүй гурван ч аюултай оролдлогыг шигшээ багийн тамирчин 6 дугаартай Б.Анар хийсний үр дүн гарч, тооны харьцааг тэнцүүллээ.

Тоглолтын хоёрдугаар үе “Сэлэнгэпресс”-ийн 9 дугаартай Д.Энхтайваны тоглолтыг харуулсан үйл явдал боллоо. Цагтаа үндэсний шигшээ багт тоглож байсан тэрбээр эхний гоолоо 51 дэх минутад хийлээ. “Эрчим” ч хариуг нь дор нь барьж шигшээ багийн тоглогч 8 дугаартай Ц.Энхжаргал 2:2 харьцаатай болголоо.
Шүүгч нэмэлт дөрвөн минутыг өргөв. Тэнцээгээр дууслаа хэмээн бодож байтал “Эрчим”-ийн Б.Анар бөмбөгөө алдах нь тэр. Энэхүү боломжийг Д.Энхтайван алдсангүй 30 орчим метрийн зайнаас лигийн тэмцээний хамгийн гоёмсог гоолуудын нэгийг хийснээр ялалтыг өөрт авч чадлаа. Нэгдүгээр тойргийн дараа лигийн тэмцээний хамгийн шилдэг гоолыг UBS телевизээс шалгаруулах бөгөөд энэ гоол түрүүлсэн байхыг үгүйсгэхийн аргагүй.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж