Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Өвлийн дурлал

ЦАС БУДРАН БУДАРНА. Цонхны цаахна гялтганан гоёмсгоор хөвсөлзсөөр газар буух цасан ширхгүүдийг бүсгүй ширтэн зогсоно. Хүмүүс цасан бударсан өвлийн гудамжаар зугуухан алхана. Зарим нэг нь үл мэдэг яаран догдлон урагш тэмүүлэх мэт. Зарим нэг нь будран орох цасны хэмнэлтэй зэрэгцэн гөвөгнөнө.  

Цасан бударсан өвлийн үдэш цонхон дээр зогсох улаан даашинзтай бүсгүй. Бүсгүйн хацарт тэр улаан даашинзных нь туяа тунарч улаа бутарна. Бүсгүй цонхны шилэн дээр цантаж хоцорсон гоёмсог цасан ширхгийг хуруугаараа дагуулан эмзэг турьхан цасан ширхгийн ширхэг бүрийг хайрлан энхрийлэх адил хурууны өндгөөрөө илбэн зогсоно. Гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүс бүдэгхэн цонхны гэрэлд тодрох үзэсгэлэнт бусгүйн дүрийг тольдоно. Бүсгүй ув улаан даашинз өмссөн аж. Гал адил дүрэлзэх улаан даашинз нь харанхуйг бүдчин нэвтлэх цонхны өчүүхэн гэрэл мэт. Ерөөс тэр улаан даашинз нь асан дүрэлзэж хөлдөж цантсан амьгүй тэр байшинг гэрэл гэгээгээрээ гэрэлтүүлж элч дулаанаараа дулаацуулж буй мэт. 

Гэтэл цонхны цаана гялтганан бударч явсан Цасан ханхүү улаан даашинзтай бүсгүйд дурлачихав. Дурлалдаа шатсан Цасан ханхүү бусдынхаа адил газарт унаж хүний хөлд дарагдахыг хүссэнгүй. Бүсгүйн зүг хөвсөөр цонхон дээр ирж наалдан цасан хүүрэг болон тогтох нь тэрээ. Салхигүй намуухан орой байсан ч дурлалт бүсгүйдээ очих хүслийг нь өрөвдсөн Жаварт салхи “Хүүг” хийтэл үлээгээд Цасан ханхүүг цонхон дээр наалдуулж орхив. Цасан ханхүү дурлалт бүсгүйгээ цонхны цаанаас ширтэн дурлалдаа мансууран жаргана. Хайртай бүсгүйнхээ улаахан уруулыг үнсэн уяхан биеийг нь тэврэх хүсэл төрнө. Гэвч тэдний хооронд тув тунгалаг тунарах ч хүйтэн цонх саад болно. Хээнцэр дэгжин Цасан ханхүү бүсгүйн сэтгэлийг гижигдэнэ. 

Улаахан даашинзтай энхрий бүсгүй нь цонхон дээр ирж наалдсан Цасан ханхүүг харж дуу алдан баярлаж аз жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулна. Гал адил дүрэлзэх улаан даашинзтай бүсгүй болорын өнгөөр гялалзах Цасан ханхүүд бас дурлачихжээ. Тэрээр бас гадаа гарч дурлалт залуутайгаа учрахыг мөрөөднө. Гэвч гадаа хүйтэн байгаа. Цасан бударсан өвлийн хүйтэн ямаршуу аймшигтайг тэр мэднэ шүү дээ. Дурлалт хосууд олон олон өвлийн орой бие биеэ цонхны цаанаас ширтэн зогсчээ. Цасан ханхүүгийн хувь заяа гадаа л дуусах тавилантай. Өнөөдөр шинэ жилийн үдэш. Хайртай бүсгүйтэйгээ л учирч байвал өөрийн хувь заяаг сөрөн зогсох шийдвэр Цасан ханхүү гаргажээ. Бүсгүйн нээсэн салхивчаар түүнийхээ сайхан нүдийг цонхны цаанаас ширтэн зогссон Цасан ханхүү үсрэн орох нь тэр. Харин тасалгааны халуунд Цасан ханхүү хормын төдийд хайртай бүсгүйнхээ өлмий дор усан дуслууд болон мэлмэрлээ.

 

Балтсүхийн Эрхэмбаяр

Улаанбаатар хот, 2011 он

Эх сурвалж: erkhembayar.blogspot.nl

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж