Канадын хоккейчид дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Канадын хоккейчид дэлхийн аварга боллоо

Хоккейн залуучуудын(U20) 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Канадын шигшээ баг түрүүллээ. Энэ оны ДАШТ Канадын Торонто хотын “Air Canada Centre”-д 2014 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2015 оны нэгдүгээр сарын 5-ны хооронд боллоо.

Тус тэмцээний алтан медалийн төлөө ОХУ, Канадын хоккейчид шалгараад байсан юм. Шигшээ тоглолт өнгөрсөн шөнө болж, 5-4 онооны харьцаагаар талбайн эзэд хожлоо. Канадчууд ийнхүү дэлхийн аваргын 16 дахь алтан медалиа хүртлээ. Тэдний хувьд 2005-2009 оны хооронд дараалан таван түрүү аваад байсан бөгөөд 2013, 2014 оны дэлхийн аваргаас медальгүй хоцорч байжээ.

Хүрэл медалийг Словакийн хоккейчид Шведийг 4-2-оор хожиж, хүртлээ.

Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 баг өрсөлдсөн бөгөөд багууд хоёр хэсэгт хуваагдаж, хасагдах шатанд найман баг шалгарсан. Шөвгийн наймын хамгийн сонирхолтой тоглолт АНУ-ОХУ-ын хооронд болсон бөгөөд манай хойд хөршийн хоккейчид 3-2-оор хожжээ.

Тэмцээний дүнг танилцуулья:

Алтан медаль: Канад

Мөнгөн медаль: ОХУ

Хүрэл медаль: Словак

IV байр: Швед

V байр: АНУ

VI байр: Чех

VII байр: Финланд

VIII байр: Дани

IX байр: Швейцарь

X байр: Герман улсын баг тус тус шалгарсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж