УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос дараах асуултад хариулт авлаа.
-Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшилсон нь 2015 оны төсвийн тодотгол дутуу дулимаг боловсруулагдсантай холбоотой гэж зарим гишүүн үзэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцаж байна. Учир дутагдалтай зүйл их байна. Хэлэлцүүлгийн шатанд засч өөрчилж таарна. Тухайлбал, эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө хасах, малчдаас татвар авах зэрэг учир дутагдалтай зүйл их байгаа. Таналт явуулах нь зөв зүйл биш. Бид эдийн засгаа хумхи тал руу явах гээд байна. Энэ нь хямралаас гарах бодит шийдэл биш.
-Өрийн босго дээр намын бүлгүүд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй дахин зөвшилцөхөөр болж байна. Өнөөдөр өр хэдэн хувьд хүрээд байна вэ?
-Өрийн босго ДНБ-ний 50 гаруй хувьд хүрсэн. Засгийн газар төсвийн тодотголоор өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэхээр оруулж ирсэн. Үүнд гишүүд саналаа солилцож байгаа. Зах зээлийн нийгэм мөнгө босгох шалгуурыг тавьдаг. Ингэж байж л эдийн засгаа тэлж ажиллана. Гэтэл өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийг өөрчлөх шаардлагатай болж байна. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар улсын өрийн дээд хэмжээ ДНБ-ний 40 хувьтай тэнцэхээр байгаа. Тиймээс төсвийн тодолтголын төслийг хэлэлцэх явцад гишүүн Ц.Нямдорж “Зөвшилцийн ажлын хэсэг өрийн хэмжээн дээр юу гэж тогтсон байна. Зөвшилцлийн гэрээгээ зөрчиж байгаа юу. Энэ асуудлаа ярилцаад эргээд хуралдах хэрэгтэй” гэсэн санал гаргасан.
-Төрийн албан хаагчдыг тэтгэвэртээ гарахад нэг удаагийн тэтгэлэг болгож 12-36 сартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгодог. Энэ хугацааг жигдлээд 12 сар болгохоор хэлэлцэж байсан. Харин салбарын яамнаас нь төрийн албан хаагчдыг ажилласан жилээр нь нэг удаагийн тэтгэмж олгох санал оруулж, тэр нь Засгийн газрын хуралдаанаас дэмжлэг хүлээсэн. Төсвийн тодотголд тэтгэмжийн асуудал хэрхэн туссан юм бол?
-Тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдад ажилласан жилээр нь нэг удаагийн тэтгэмж олгодог байя гэсэн төсөл орж ирсэн юм билээ. Хэлэлцүүлгийн шатанд энэ асуудал яригдах байх. Энэ бол Засгийн газрын өргөн барьсан төсөл. Өнөөдөр төсвийн тодотголыг дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч гишүүдээс Төсвийн байнгын хорооны хуралдааныг хойшлуулах санал гарсан учир хэлэлцсэнгүй.
Г.ДАРЬ