Хэвлэлийн бага хурлаар голчилж инфляцийн тухай нэлээд тайлбар хийсэн ба дөрөвдүгээр сард Улаанбаатарт инфляц 4,2 хувь улсын хэмжээнд 5,5 хувь байгаа гэлээ. Мөн сүүлийн саруудад инфляцийн бүтэц өөрчлөгдсөн байна. Махны үнэ өсдөг онцлогтой саруудад инфляци эсрэгээр буурсан байна. Үүнд хэрэглээний сагсанд өндөр хувийн жин эзэлдэг махны үнийн төвшин өнгөрсөн оны мөн үед өндөр байснаас махны үнэ 10.4 хувиар буурсан нь нөлөөлжээ. Хэдийгээр ерөнхий индекс буурсан боловч бараа үйлчилгээний үнийн төвшин өндөр хэвээр байна. Хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ өсч байгаа нь тэдгээрийн инфляцид үзүүлэх нөлөөг нэмэгдүүлсээр байгаа ажээ. Тухайлбал, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувь, согтууруулах ундаа, тамхиных 12 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 9.2 хувь, боловсролын үйлчилгээнийх 20.4 хувиар тус тус өссөн байна.
Монголбанкны дэд ерөнхийлөгч инфляцид ойрын үед нөлөөлж болзошгүй сөрөг нөхцөл байдлуудыг танилцуулсан юм. Хүнсний бараа бүтээгдэхүүний гол импортлогч болох Хятадын болон дэлхийн инфляц Монголд ч нөлөөлөх гэнэ. Гэхдээ “Атар-III” аяны хүрээнд дотоодын хүнсний хэрэгцээг хангах боломжтой болсон нь инфляцид шууд нөлөөлөхгүй ажээ.
Мөн төгрөгийн ханшийн тухайд сэтгүүлчид асуухгүй өнгөрч чадсангүй. Валютын зах харьцангуй тогтвортой байгааг мэргэжилтэн дүгнэв. Төгрөгийн ханш өнгөрсөн жил хамгийн сайн чангарсан валютаар тодорч байсан бол, оны эхнээс 2,5 хувийн чангаралттай байгаа ажээ. Мөн Төв банкны зүгээс валютын захад оролцохоо багасгаж байгаа гэнэ. Жишээлбэл, өнгөрөгч сард тэд захаас нэг ч ам.доллар худалдаж аваагүй ажээ. Төв банкны валютын нөөц өчигдрийн байдлаар 2,4 тэрбум ам.доллар байгаа гэнэ.
Зээлийн асуудалд анхаарал хандуулж болзошгүйг Дэлхийн банкны бусад статистик мэдээлэл харуулсан байгаа. Харин Төв банк үүнд байнга хяналт тавьж буй гээд дэд ерөнхийлөгч “Зээлийн хэмжээ хурдацтай өсч байгаа нь үнэхээр анхаарал татаж байгаа. Гэхдээ үүний нөгөө талд хадгаламжийн хэмжээ өсч, эдийн засгийн бодит өсөлт гарч байгаа бол сайн хэрэг” гэв.