“Төрийн удирдлага ба санхүү”; “Гадаад харилцаа ба дипломат үйл ажиллагаа” сэдэвт сертификатын сургалтууд явагдана
Төрийн Удирдлагын Хүрээлэнгээс 2014-2015 оны хичээлийн жилд Монголд анх удаа Харвардын ба Жортауны их сургуулийн зайн сургалтад түшиглэсэн бизнесийн удирдлага, гадаад харилцааны дамжаанууд хичээллүүлсэн. Ялангуяа гадаад харилцааны ажил үйлстэй холбоо бүхий ажиллагсад, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, бизнесийн болон гадаад харилцаа, дипломат үйл ажиллагааны онол, практикийн мэдлэг олгох зорилгоор 6 сарын хугацаатай дипломатын тусгай сургалт зохион байгуулсан нь шинэлэг алхам байв. Сургалтыг амжилттай дүүргэсэн суралцагчдын түрүүчээс хилийн чанадад дипломат албанд томилогдон ажиллаж байна.
Энэхүү туршлагадаа тулгуурлан Төрийн удирдлагын хүрээлэн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс ээлжит хоёр сургалтаа эхлэхээр зар түгээж байна. Энэ удаагийн сертификатын сургалтууд нь “Төрийн удирдлага ба санхүү”, “Гадаад харилцаа ба дипломат үйл ажиллагаа”-ны чиглэлээр тус бүр 3 сарын хугацаатай явагдана.
“Төрийн удирдлага, санхүү” сэдэвт сургалтыг НҮБ-ын Сургалт, судалгааны институтын (UNITAR) зайн сургалт дээр суурилан явуулах ба “Хөрөнгийн зах зээл”, “Өрийн Менежмент”, “Төрийн санхүүгийн засаглал”, “Худалдан авах үйл ажиллагаа”, “Санхүүгийн хэлэлцээ”, “Төрийн санхүүгийн менежмент” сэдвийн хүрээнд дараахи чиглэлээр мэдлэг олгоно. Үүнд Хөрөнгийн зах зээлийн зохицуулалт, Төрийн өрийн аудит, Олон улсын гэрээ болон зээлийн хэлцэл, Дэлхийн санхүүгийн засаглал, Олборлох салбарын засаглал, Төрийн сангууд болон тэдгээрт аудит хийх, Зээлийн гэрээний төсөл боловсруулах болон заалтууд дээр хэлцэл хийх, Худалдан авах ажиллагааны үндэс, Эрдслийн удирдлагын үндэс, Төв банкны үйл ажиллагаан мөнгөний бодлогын үндэс, Бондын зах зээлийн үндэс, Төв банкны нөөцийн менежментийн зарчмууд, Гадаад валют солилцооны зах зээлийн үндэс, Улс орон нутгийн төсөвт шинжилгээ хийх, Олон улсын санхүүгийн хэлэлцээ зэрэг болно. Xичээлийг Монголын төрд удирдах ажил алба эрхлэдэг, цаашдаа төрийн болон олон улсын байгууллагад ажиллах хүсэлтэй залуу мэргэжилтнүүдэд заахаар төлөвлөлөө. Хичээлийн модераторуудаар үе, үеийн сайд нар, төрийн удирдах албан тушаалтнууд, туршлагатай банкерууд, олон улсын байгууллагын экспертүүд ажиллах болно.
“Гадаад харилцаа ба дипломат үйл ажиллагаа” сэдэвт сургалт нь Бельгийн Лювений их сургуулийн зайн сургалттай хослохын сацуу Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, олон улсын харилцаа, дипломатын түүх, геополитик, иргэшил хоорондын харилцаа ба мөргөлдөөн, олон улсын түгээмэл болон иргэний эрх зүй, НҮБ, олон улсын бусад байгууллага, хоёр болон олон талт дипломат үйл ажиллагаа, олон улсын эдийн засаг, консулын алба, дипломат бичиг баримт, дипломат ёслол зэрэг сэдвээр явагдана. Тус сургалтыг Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны салбарт олон жил алба хашсан өндөр мэргэжлийн дипломатчид, эрдэмтэд, эрх зүйч болон бусад мэргэжлийн хүмүүс хөтлөн явуулна. Сургалтын үр дүнгээр сертификат олгоно.
Дурдсан хоёр сургалтад төрийн болон төрийн бус байгууллага, бизнес, хувийн хэвшлийн гадаад харилцааны албанд ажиллаж буй залуу ажилтан, мэргэжилтнүүд тус бүр 25 хүнийг ярилцлага хийж сонгож авна. Хоёр сургалтад зэрэг суралцах, эсвэл сонирхсон сэдвээр нөгөө сургалтад сууж мэдлэг авах эрхээр хангана.
Бүртгэл 2015 оны 1 дүгээр сарын 6-аас 1 дүгээр сарын 9-ний хооронд Төрийн Удирдлагын Хүрээлэнгийн байранд явагдана.
Хаяг : Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-21, MW Holding компаний байр (хуучнаар Чингис зочид буудлын хойд талын Анод банкны байр)
Холбоо барих утас:
“Төрийн удирдлага”-ын сертификатын сургалт:
Д.Дэмбэрэл 70110363, 99094136
“Гадаад харилцаа ба дипломат”-ын сертификатын сургалт:
Д.Моононцагаан 99722318