Монголын хэвлэлийн салбарт нэгэн шинэ сэтгүүл мэндэллээ. Өнөөдөр “Монгол ньюс” хэвлэлийн төвд “Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүлийн анхны дугаар гарсантай холбогдуулж мэдээлэл хийсэн юм. Тус сэтгүүлийн эрхлэгчээр Өнөөдөр сонины гэрэл зургын сурвалжлагч Ц.Батбаатар ажиллаж байгаа бөгөөд гэрэл зурагчин В.Баттулга, гэрэл зургийн магистр багш н.Туяа, гэрэл зурагчин Л.Элбэгзаяа, Ц.Түмэнбаяр гээд монголын шилдэг найман гэрэл зурагчин хамтарсан эл сэтгүүлийн анхны дугаар өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарчээ. Монголын гэрэл зургийн ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж буй мэргэжлийн гэрэл зурагчдын уран бүтээлийг шинэ сэргэгээр нь уншигчдад хүргэж байх индер нь болох учиртай юм гэж эрхлэн гаргагчид нь хэллээ. Тус сэтгүүл нь Монголын төдийгүй дэлхийн гэрэл зургийн түүх, үүсэл хөгжил, шинэ техник, технологийн дэвшил, түүнийг ашиглах заавар, зөвлөгөө, танин мэдэхүй, сургалт, хэрэглээ зэрэг олон талт мэдээ, мэдээллийг багтаажээ.
Хоёр сард тутамд хэвлэгдэн гарах тус сэтгүүл сүүлийн үед ахуйн хэрэглээнээс урлагийн хэлбэр болтлоо хөгжөөд байгаа гэрэл зургийн салбарт үгүйлэгдэж байсан орон зайг нөхөн гарч ирж буйгаараа онцлогтой. Тус сэтгүүл нь зөвхөн мэргэжлийн гэрэл зурагчдад бус бүх нийтэд зориулсан бөгөөд өргөн хүрээг хамарсан мэдээлэл бүхий гэрэл зураг сонирхогчдын гарын авлага болохуйц хэмжээнд ажиллах аж.
“Монголын гэрэл зураг” сэтгүүл энэ жил дөрвөн дугаар гарган ирэх жилээс хэвлэлийн захиалгад багтана гэдгийг сэтгүүлийг эрхлэн гаргагчид дуулгалаа.
Дашрамд дуулгахад, сэтгүүлийн нэг дугаар 5000 төгрөгөөр сонин сэтгүүл борлуулах цэг, номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.
Г.Даша