Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар:
Байгалийн түүхийн музейгээр хүүхдүүд, жуулчид хамгийн их үйлчлүүлдэг. Тэр утгаараа манайх Монголдоо хамгийн их орлоготой музей. Хотод байгаа дунд зэргийн 5-6 музейн бүтэн жилийн орлогыг манайх дангаараа олдог. Шинэ байрандаа орчихвол нэг жилд олдог 120 гаруй сая төгрөг маань хамгийн багадаа л гэхэд гурав дахин нэмэгдэнэ. Тэгээд ч зөвхөн музейн үзмэр үзсэн хүмүүсийн тоогоор орлого хязгаарлагдахгүй. Шинээр барих долоон давхар байранд маань олон үндэстний хоолны газар, 250 хүний суудалтай 3D кино театр зэрэг үйлчилгээний газрууд байх юм. Кино театрын танхимд урлаг соёлын нэгдсэн арга хэмжээ, хурал зөвл өлгөөн зохион байгуулсан ч болно. Эндээс мөнгө орж ирнэ. Бас 21 аймгийн музейн байгалийн түүхийн үзмэрүүдийг сэргээн засах, шинээр дэглэх, чихмэл үүдийг нь хийж өгч нийлүүлэх нэгдсэн лаборатори энд байгуулахаар төлөвлөсөн. Тэд мэдээж энэ ажлыг ямар ач холбогдолтой, чухал гэдгийг мэдэх учраас манайхнаар юмаа үнэгүй хийлгэхгүй. Энэ бүх мөнгө улсын төсөвт л орно шүү дээ. Одоо сонсоход 24 тэрбум төгрөг гэдэг их мөнгө юм шиг боловч тэр хэрээрээ ач холбогдол, үр өгөөж нь их гэдгийг хүмүүс ойлгоосой.
“Өнөөдөр” сонин
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг:
Хамгийн гол зарчим бол төр иргэддээ шударга хандах хэрэгтэй. Төрд ямар хугацаагаар ажилласан байна түүнтэй нь тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг болоё. Тухайлбал, 10 жил ажилласан бол 10 сарын тэтгэмж авдаг байя гэсэн байдлаар журамд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна.
Хоёрдугаарт, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад тэтгэмж олгох шинэ журмыг бид боловсруулсан. Одоогийн журмаар иргэддээ тэгш хандаж чадахгүй байгааг хэлэх хэрэгтэй. 10 жил ажилласан хүн 14, 20 жил ажилласан хүн 28 сарын тэтгэмж авч байна. 25 жил ажилласан хүн 36 сарын тэтгэмж авдаг. Ажилласан жилийг нь өсгөж тооцож байна гэсэн үг. Тиймээс үүнийг болих хэрэгтэй гэж үзсэн. Мөн тэтгэмжийг тооцохдоо тухайн албан хаагчийн хамгийн сүүлийн сарын цалингаар тооцдог.
Энэ нь бас шударга биш юм. Тухайлбал, зарим албан хаагчийн хамгийн сүүлийн цалинг өндөр тогтоогоод явуулдаг асуудал гардаг. Тиймээс зөвхөн тухайн албан хаагчийн хамгийн сүүлийн сарын цалин биш, харин хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын бүтэн жилийн цалингийн дунджаар нь тооцох асуудлыг оруулж байгаа.
“Монголын мэдээ” сонин
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:
Өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлын нэг гол хэсэг нь экспорт. Экспорт татарсан энэ үед дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тэгэхээр дотоодынхоо бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлээр импортын барааны гаалийн тарифыг өөрчлөх тухай танилцуулгыг боловсруулж УИХ, Засгийн газарт оруулна. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчид юу хийж чаддаг түүнд нь тулгуурласан дотоодынхоо үйлдэрлэлийг дэмжих татвар тарифын ялгавартай бодлогыг УИХ, Засгийн газарт өргөн барихаар шийдвэрлэсэн. Энэ нь өнөөдрийн байгаа дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэрүүдийг тэтгэх, дэмжих, өөрсдөө дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэх нөхцөл боломжийг маш өргөн болгоно гэж үзэж байгаа юм.
“Зууны мэдээ” сонин