АНУ-ын Холбооны мөрдөх товчоо “Sony Pictures”-ийн кибер халдлагын ард Умард Солонгосын удирдлага байсныг мэдэгдсэн даруйд Цагаан ордон өнгөрсөн баасан гаригт Умард Солонгосын засгийн газрын гишүүдийг тус улсад нэвтрэх болон өмч хөрөнгө эзэмшихийн эсрэг хориг тавьжээ. Дэлхий дээрх цөмийн зэвсэгтэй, хамгийн их ганцаардсан Умард Солонгосыг өнгөрсөн сарын “Sony Pictures”-ийн халдлагад хардаж сэрдэж буй билээ. Умардын эсрэг шинэ хориг тавьсны дараа тус улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгч хилэгнэсэн мэдэгдэл хийж, хэдэн арван мянган мэдээлэл, цахим хаяг, бизнесийн нууц алдагдсан “Sony Pictures”-ийн халдлагад тус улс ямар ч хамаагүй ч гээд Пхеньяныг өдөөн хатгасан “үндэслэлгүй” дайсагналыг буруутган, дээрх хориг арга нь нэг сая гаруй цэрэгтэй Умардын армийн хүчийг сулруулж чадахгүй гэсэн байна.
АНУ Умард Солонгосын засгийн газрын 10 гишүүн болон Пхеньяны тагнуулын агентлаг, төрийн өмчит зэвсгийн худалдааны газар зэрэг гурван байгууллагын эсрэг хориг тавьснаа “Sony Pictures”-ийн халдлагад өгсөн хариу гэж мэдэгдсэн юм.
Гэвч тус улсын эсрэг тавьсан шинэ хориг Пхеньяны цөмийн пуужингийн хөтөлбөрийн эсрэг тавьсан олон улсын хоригийн хажууд сүйдтэй юм биш аж. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Умард Солонгосын удирдагчид тус улсад үзүүлэх олон улсын хүмүүнлэгийн тусламжийг зогсоох алан хядлагыг санхүүжүүлэгч орнуудын жагсаалтанд оруулна гэж сүрдүүлсэн байна.
Цагаан ордон кибер халдлагад өртсөн Америкийн компанийг өмөөрч ийм хориг авч байгаагүй юм байна. Харин Умардын эсрэг шинэ хоригийг тэвчээрийн хязгаарыг давсаных нь төлөө авч буй шуурхай арга хэмжээ гэж үзэж байгаа гэнэ.
“Sony Pictures”-ийн халдлагад Умард Солонгосыг хардаж буй цорын ганц үндэслэл нь удирдагчийг нь элэглэж доромжилсон утга агуулгатай Холливудын “Ярилцлага” киног дэлгэцэнд гаргахыг эсэргүүцсэн явдал боловч мэргэжилтнүүд Умард Солонгосын кибер арми дээрх хэмжээний кибер халдлагыг зохион явуулах чадвартайд эргэлзэж байгаа юм. Шинжээчдийн таамаглаж буйгаар “Sony Pictures”-ийн дайснууд, тэр байтугай халагдсан ажилтнууд ч уг халдлагыг үйлдсэн байх боломжтой аж. Гэвч Холбооны мөрдөх товчоо яагаад энэ халдлагын цаана Умард Солонгосын удирдлага байсан гэж мэдэгдсэн нь асуулт хэвээр үлдэж байна.
АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хэлтсийн дарга сенатор Роберт Менендез Умард Солонгосын эсрэг тавьсан шинэ хоригийг “сайн алхам, гэвч хол явахгүй шийдвэр” гэж үзсэн бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригээс Умард Солонгост илүү хор уршигтай цохилт өгөхийн тулд алан хядлагыг санхүүжүүлэгч орнуудын жагсаалтад оруулахыг шаардсан бичиг илгээжээ.
АНУ-ын хориг тавьсан Умард Солонгосын засгийн газрын 10 гишүүн үнэн хэрэгтээ кибер халдлагад ямар ч холбоогүй гэж албаныхан үзэж байгаа юм.
Холливудын жүжигчин Сэт Рожер, Жеймс Франко нарын гол дүрд нь тоглосон анти-Пхеньян “Ярилцлага” нэртэй кино Умард Солонгосын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан юм. Умард Солонгосын удирдлага “Sony Pictures”-ийн халдлагад хамаагүй ч уг халдлагыг нүдээ олсон үйлдэл гэж үзсэн юм.
Кино театрууд “Ярилцлага” киног гаргахаас татгалзаж байх үед “Sony Pictures” киноны албан ёсны нээлтийг цуцлах гэж байсан ч Барак Обама уг шийдвэрийг буруушаасны дараа киног цөөн тооны кино театруудад мөн онлайнаар гаргаж эхэлсэн. Умард Солонгосын веб сайтууд хаагдсан хэрэгт тус улсын Үндэснийг аюулаас хамгаалах комисс АНУ-ыг буруутгаж, ерөнхийлөгч Барак Обамаг "Халуун орны ойгоос гарч ирсэн сармагчин" гэж хараасан билээ.
Гэсэн хэдий ч “Sony Pictures”-ийн халдлага болон Умард Солонгосын веб сайтууд 10 цагийн турш хаагдсан зэрэг хэргийн ард хэн байсан нь оньсого хэвээр үлдэж байна.
Н.ЭНХ