Тэгвэл Б.Баттулгын ингэж хүний хэлснийг тоть шиг давтаж, донгио царайлаад байдаг нь цаанаа их учиртай, жинхэнэ учиртай нүүдэл байсан гэдэг юм билээ. Наад зах нь л асуултаа давтаж байх зуураа толгойдоо дараагийнхаа нүүдлийг хийж, хэлэх үгээ хайж олно.УИХ-ын гишүүн Р.Гончигдорж эвгүйхэн үед удаан алгуур хөдөлгөөнөөр хөөрөг даалингаа гаргаж тамхилангаа гарах гарцаа, ярих үгээ бодож олдог гэдэг шиг. Басхүү хэлэх үгээ олдоггүй юм аа гэхэд Б.Баттулга шиг дүлэгнээд байхаар цаад тал нь ууртай дүрэлзүүр хүн бол өмнөөс асаад оноо алддаг тэвчээр барагдуулах нэг тактик юм гэсэн. Тиймдээ ч тэр ямар нэгэн хэрэгт холбогдолгүй өнгөрч чадсан биз. “Өнөөгийн өндөрлөг”-өөс харахад тов хийтэл ойлгогдож байна. Б.Баттулгаас өөр хөдөлгөөнтэй, илүү үгтэй шиг хүн байсан бол сонгогчид аль хэдийнэ тал талаас нь хэмлээд тасар татаад хаячих байсан юм чинь. Илүү л үг дуугарвал хоёр намынхан хэдэн талаас нь барьж идчих гээд, хэтэрсхийвэл ард түмэн бослого хөдөлгөөн дэгдээчих гээд байсан цаг. Харин ч Б.Баттулга ухааны дээдийг барьж, тэвчээрийн дээдээр тэвчиж байгаагүй сэн бол өнөөдөр долдугаар сарын 1-ны үймээнээр амиа алдсан таван хүний амины төлөөсөнд буруутгагдах ч байсан юм бил үү. Хүн болгоны хэлсэн үгийг яс давтаж, өөрийнхөө амнаас, өөрөө толгой мэдэж ганц ч үг ганхийдэггүй тулдаа л хэрэгт холбогдолгүй өнгөрсөн.
Бас нэг талаасаа хүн болгон Сонгуулийн хорооныхонтой сүжрэх гэсэн ч дүлий дүмбэ царайлаад ч болтугай зайгаа барьдаг байсан ч юм бил үү. Цаадуул нь аргаа барахдаа “Юм асуухаар өөдөөс хэрсэн бух шиг харчихаад, асуулт давтаад байх юм, яршиг цаашаа” гэж залхдаг ч байсан юм бил үү. Ямар ч сонгуулийн халуун өдрүүдэд хайлчихгүйгээр тэсч үлдэж гарсан түүний тэвчээрийг нь биширмээр.
Хөөрхий Б.Баттулга даргыг минь их ч зовоосон доо, Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхад нь. Ямар сайндаа хошин шогийнхон хүртэл бүхэл бүтэн хөтөлбөр зохиочихсон, хүний элэг хөшөөж явах вэ? Ингэж зовоож зовоочихоод одоо бас “Сонгуулийг будилаантуулж, хүрэл хар царайгаараа бүхнийг хааж байсныхаа шанд Эрдэнэт гэдэг саалийн үнээний бэлэн сүүг уухаар явлаа” гээд хойноос нь бас нотлох баримтгүйгээр гүтгээд байгаа юм даа. Сүү уух гэж биш, шөнө өдөргүй ажилласан сүүжээ, хүн болгонд чичлүүлж байсан нүдээ амраахаар Эрдэнэт рүү явсан ч юм бил үү?
Ингэхэд мань хүн “Эрдэнэт”-ийн ямар дарга нь болсон юм бэ гэж уншигч та асуумаар санагдаж магадгүй. За би хариулья аа. Экс СЕХ-ны дарга маань “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн асуудал эрхэлсэн орлогч захирал болсон шүү дээ.
"Ардын эрх" сонин