Засгийн газрын өнгөрсөн оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар АМГ-ын дарга Г.Алтансүхийг чөлөөлсөн. Энэхүү шийдвэрийг Г.Алтансүх эсэргүүцэн шүүхэд хандаж, тус гомдлыг шийдвэрлэх хурал өнөөдөр 13.00 цагт дүүргийн Иргэний хэргийн анхан шатны I шүүхэд болсон юм. Шүүхийн шийдвэр хэрхэн гарсныг тус шүүхийн Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Мөнхмандахаас тодрууллаа.
-Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан бэ?
-Шүүх бүрэлдэхүүн Г.Алтансүхийг чөлөөлсөн Засгийн газрын 72 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний 9.9 сая төгрөгийг олгуулж, нийгмийн даатгалд бичилт хийлгэхийг Засгийн газарт даалгасан.
-Г.Алтансүхийг хууль бусаар чөлөөлсөн гэдгийг тогтоосон учраас эргүүлэн ажилд нь томилно гэсэн үг үү?
-Үгүй. Учир нь Г.Алтансүхийн нэхэмжлэлд эргүүлэн ажилд томилох тухай дурьдаагүй байсан. Тиймээс эргүүлэн АМГ-ын даргаар томилох асуудал яригдахгүй.
Д.ЖАРГАЛ