“Майами Хит”-ийн эсрэг хийж байгаа цувралын гурав дахь тоглолтод Турк төвийн тоглогч гэмтэж, талбайг орхисон. Дараагийн тоглолтын өмнө рентгэн туяаны шинжилгээнд орж гэмтэл авснаа мэдсэн ч багаа хүндхэн үед нь орхихыг хүсээгүй учраас тоглолтод орох шийдвэр гаргасан юм. Улмаар талбайд гарч, хоёр минут гаруй тоглосон ч зовиур их байгаа нь ажиглагдаж, сэлгээнд шилжсэн билээ.
“Буллс”-ын хэвлэлийн төлөөлөгч түүний гэмтлийг эдгээх гэж ямар нэг мэс засал хийх шаардлагагүй, зургаан долоо хоног эмчилгээ хийлгэхэд хангалттай гэж мэдээлсэн байна. “Түүнийг тоглож чадахгүй байх хэмжээнд хүртэл гэмтсэн гэж бид бодоогүй. Тэр талбайд гараад тоглохыг хичээсэн ч боломж байгаагүй” гэж багийн ерөнхий дасгалжуулагч Том Тибодеу хэлсэн байна.
Туркийн легионер “рүүки” төв энэ улиралд 2.8 оноо, 3.7 самбар дунджилж байсан бол плей-оффын 15 тоглолтонд багтаа хэрэгтэй сайн тоглолтыг үзүүлж байсан. Цувралын тав дахь тоглолт Монголын цагаар маргааш өглөө болно. Ашикийг орлож ахмад туршлагатай Курт Томас талбайд гарах магадлалтай.