Хугацаа заах ёсгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Хугацаа заах ёсгүй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Компанийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийн өмнө зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгасан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай саналын томъёололд тусгасан компани байгуулах тохиолдолд 30 хоногийн дотор багтаан улсын бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан заалтыг эсэргүүцэж, бизнес эрхлэгчдийг хугацаагаар шахаж үйл ажиллагаанд нь саад учруулж байна хэмээн үзлээ. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт тайлбар хийсэн юм. Тэрбээр “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар компани байгуулсан тохиолдолд 11 хоногт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан. Байнгын хороогоор эл саналыг хэлэлцээд 30 хоног болгож сунгасан. Уг нь байнгын хорооны гишүүдийн зүгээс компанийг цахим хэлбэрээр бүртгүүлье гэж санал гарсан ч УИХ-аар Цахим гарын үсгийн тухай хуулийг  батлаагүй байгаа учраас ийм заалт тусгах нь өөрөө бизнес эрхлэгчдийн ажилд саад учруулна гэж үзээд больсон. Өөрөөр хэлбэл, шинэчилсэн хуулийн хүрээнд компани байгуулсан тохиолдолд бүртгүүлэх хугацааг өмнөхөөс хоногийн хувьд сунгаж өгсөн” гэсэн тайлбар хийлээ. УИХ-ын гишүүдээс санал хураалгахад олонхи нь дээрх саналыг дэмжиж, баталлаа. Мөн үүнээс гадна 30 шахам саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгаж дэмжүүлснээр энэхүү хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулсан юм.

Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилж, Хөдөө  аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж