Х.Цагаанбаатарын 99000099 дугаар 7,5 саяар зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатарын 99000099 дугаар 7,5 саяар зарагдлаа

“Амжилтын төлөө хамтдаа”, “Түвшин сан” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж буй сайн үйлсийн аяны хүрээнд олимп, дэлхийн аваргуудын “Мобиком”-ын алтан дугаарыг дуудлага худалдаанд оруулах ёслол өчигдөр боллоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамиричн Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын дугаарыг дуудлагаар худалдаж, цугласан мөнгийг нь хүнд өвчнөөр шаналж буй Д.Амарбаясгалан хүүгийн эмчилгээнд хандив болгосон юм.

Хамгийн түрүүнд олимпийн аварга Э.Бадар-Ууганы 99002222 дугаарыг хоёр сая төгрөгөөс эхлэн дуудав. Уг дугаарыг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн бүсгүй 3,5 саяар өөрийн болгосон. Харин Гавьяат тамирчин Б.Наранбаатарын 99003333 дугаарыг мөн л хоёр саяас эхлэн дуудсан. Эхний удаа уг дугаарт үнэ хэлэх хүн олдсонгүй. Харин хоёр дахь удаагийн дуудлагаар уг дугаар дөрвөн сая хүртлээ өсч, н.Батболд гэгч залуугийнх боллоо. Олимпийн аварга Н.Түвшинбаярын 99001111 дугаарыг таван саяас эхлүүлсэн ч 50 мянган төгрөг л нэмэгдсэн.

Дуудлага худалдаанд оролцогчид дэлхийн аварга Х.Цагаанбаатарын дугаарыг нэлээд сонирхож байгаа нь эхнээсээ л илт байлаа. Ингээд таван саяас эхлүүлсэн 99000099 алтан дугаарыг нэлээд үнэ хаялцсаны эцэст аймгийн хурц арслан Т.Энхтайван 7,5 сая төгрөгөөр өөрийн болгосон юм. Үүндээ ч тэрбээр нэлээд олзуурхаж байв. Олимп, дэлхийн аваргуудын дугаарыг дуудлагаар худалдсаны дараа “TGL-13” төрийн бус байгууллагын тэргүүн С.Тулга нэг сая төгрөгийн хандив өргөсөн. Д.Амарбаясгалан хүүгийн эмчилгээнд 70 мянган ам.доллар хэрэгтэй байгаа бөгөөд өчигдрийн арга хэмжээний үеэр ямартай ч 20 сая төгрөг цуглалаа. Тэрбээр ням гаригт эмчилгээгээ хийлгэхээр БНХАУ-ыг зорино. Дашрамд сонирхуулахад, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Д.Амарбаясгаланд туслах сайн үйлсийн аянд нэгдсэнийг зарласан юм.

Урлаг, спортын оддын тус үүгээр дуусахгүй ээ. Өвчин шаналал тээсэн олон
хүүхдэд, олон хүнд сэтгэлийн тус дэмээ харамгүй зориулж ирсэн Монголын
рок, поп, нийтийн дуучид, хошин урлагийн уран бүтээлчид ирэх зургадугаар
сарын сарын эхээр Д.Амарбаясгалан хүүд зориулсан хандивын тоглолтыг
зохион байгуулах гэнэ. Уншигч та ч мөн энэхүү сайхан сэтгэлийн үйлсэд
нэгдэж, бяцхан хүүгийн төлөө сайхан сэтгэл зориулахыг хүсвэл үүрэн
телефоны бүх оператороос 151111 гэсэн тусгай дугаарт мессеж илгээн,
хандив өргөх боломжтой. Таны бичсэн нэг мессеж 550 төгрөгөөр үнэлэгдэн,
хүүгийн эмчилгээнд далайн чинээ тус болон очих болно.

Хандивын данс: Голомт банк 1805004649 төгрөгийн данс

Б.Мөнхзул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж