Ухаалаг бугуйвчнууд илүү боловсронгуй, хэрэглэхэд хялбар, илүү их мэдээлэл багтаасан болж байгаа өнөө үед үүний яг эсрэг гэж хэлж болохуйц нэгэн бүтээгдэхүүнийг Францын Novitact компани зохион бүтээснээ танилцууллаа.
Feeltact нэртэй дижитал бугуйвч нь ерөнхийдөө ухаалаг бугуйвчуудтай ажиллах зарчмын хувьд ижил. Таны гар утсанд дуудлага ирэх, цахим шуудан ирэх, сошиал хаягуудад тань мэдээ мэдээлэл нэмэгдэх зэрэгт тань шуурхай мэдээлэх үүрэгтэй.
Харин хамгийн онцлог тал нь дэлгэцгүй. Тэгээд юу ирж байгааг яаж мэдэх юм бэ гэж үү. Энд л энэ бугуйвчны гол утга учир нь байгаа юм. Бидний хэлж заншсанаар notification буюу мэдэгдэл ирэх үед таны бугуйвч чичирхийлнэ.
Гэхдээ өөр өөрөөр. Танд цахим шуудан ирсэн бол нэг янзаар, дуудлага ирсэн бол бас арай өөрөөр. Та чичирхийллийн ялгаагаар танд ямар мэдээлэл ирж буйг ялгаж мэдэх ёстой. Энэ нь таны мэдрэмжийг дээшлүүлэх давуу талтай юм байна.
Т.БИЛГҮҮН