Жокович дараалсан 41 дэх хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Жокович дараалсан 41 дэх хожлоо авлаа

XX зууны эхэн үеийн талбайн теннисний домог Сюзанна Ленглений нэрэмжит талбайд Рожер Федерер хоёрдугаар шатны тоглолтоо хийлээ. 2009 оны Францын нээлттэй тэмцээний аваргын өрсөлдөгч нь цагаан хуудсаар тэмцээнд оролцож байгаа францын Максим Тейшера байсан юм. Чансааны болоод ур чадвар, туршлагын асар зөрүүтэй 2 тэннисчиний тулаан төдийлөн удсангүй. 84 минутын дотор Рожер Федерер 6-3, 6-0, 6-2-ын харьцаатай ялалт байгуулжээ. 13 тоглолт дараалан ялаад байгаа Федерер дараагийн шатанд Сербийн Янко Типсаревичтай тоглоно.

Филипп Шатриегийн нэрэмжит Ролан Гаросын төв талбайд эмэгтэйчүүдийн чансааны тэргүүн Каролина Возняцки, Канадын Александра Возняктай тоглож, 6-3, 7-6-аар хожсон байна. Данийн теннисчин гуравдугаар шатанд шалгарахын тулд хоёр дахь сетийн тай-брект найман оноо авах хэрэгтэй болжээ.

Зохион байгуулагч орны гол төлөөлөгч Гаел Монфильс энэ шатанд эх орон нэгт Гильом Руфинтай өрсөлдсөн. Тэмцээний чансааны есөд бичигдсэн Монфильс энэ тулаанд 6-3, 1-6, 6-1, 6-3 харьцаатай хожиж, шилдэг 32-ын эгнээнд нэгдлээ.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд ч францчуудын гол найдвар тавьж байгаа теннисчин Марион Бартоли өрсөлдөгчөө буулгаж авсан байна. Чансааны 11-т бичигдсэн Бартолигийн өрсөлдөгч нь Беларусийн Ольга Говорцова байсан бөгөөд 6-4, 6-7, 6-2 харьцаатай ялсан франц теннисчин гуравдугаар шатанд Германы Юлия Гергестэй тоглохоор болжээ.

40 тоглолт дараалан ялаад байсан Новак Жокович энэ шатанд Румыний Виктор Ханескутай тоглолоо. Сербийн теннисчин энэ оны хувьд 38 тоглолт дараалан хожоод байсан бөгөөд энэ ялалтын цувралаа үргэлжлүүлжээ. Жоковичийг 6-4, 6-1, 2-3 харьцаатай хожиж явахад зүүн хөлөндөө авсан гэмтлээ сэдрээсэн Ханеску тоглолтыг цааш үргэлжлүүлсэнгүй. Ялалт дэлхийн №2 теннисчинд иржээ. Өнгөрсөн жилийн Дэвисийн цомын финалыг оролцуулбал Жокович ийнхүү 41 тоглолт дараалан ялагдсангүй. Ийм амжилтыг өмнө нь 1977 онд Гилермо Вилаш 46, харин 1984 онд Жон Мак Энрой 42 тоглолт дараалан ялж байжээ. Одоо Жокович Хуан Мартин дел Потротой тоглох хуваарьтай.

Бусад тоглолтоос мэдээлэхэд, өнгөрсөн жилийн аварга Италийн Франческа Скьавоне, Оросын Весна Долонцыг 6-1, 6-2 харьцаатай хожиж, гуравдугаар шатанд шалгарсан бол Францын Жо Уилфред Цонга, Оросын Игор Андреевыг 6-3, 7-6, 6-3-ын харьцаатай хожиж, шилдэг 32-т тус тус шалгарсан байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж