Индонезийн цаг уурын агентлагаас “AirAsia” компанийн “QZ8501” нислэг Ява тэнгист унаж сүйрсэнд цаг агаар буруутай гэж мэдээлжээ. Гэхдээ 162 хүний аминд хүрсэн онгоцны ослын шалтгаан хар хайрцгийг олтол бүрэн тайлагдахгүй юм. Олон улсын хамтарсан эрлийн баг одоо болтол онгоцны хар хайрцагны байршлыг тогтоож чадаагүй байна. “Airbus A320-200” онгоцны зорчигчдоос өчигдрийн /I.3/ байдлаар 30 хүний цогцосыг Ява тэнгисээс олж гаргажээ. Үүнээс онгоцны үйлчлэгч хоёр эмэгтэй, 11 настай хүү, Австралийн оюутны цогцосыг таньсан байна.
Үүний зэрэгцээ Ява тэнгисийн 30 гаруй м-ийн гүнд онгоцны их бие байж болох дөрвөн хэсэг зүйл, нефтийн үлдэгдэл илэрчээ. Онгоцны сэг байж болох зүйлсийн хамгийн том нь 18 метр урт, 5.4 метрийн өргөнтэй бол өөр нэг нь 10 метр урттай аж. Тэнгисийн гүнд байх онгоцны их биений сэгээс илүү олон хүний цогцосыг олно хэмээн эрлийн багийнхан найдаж буй аж. Гэвч цаг агаар дахин муудаж, давалгаа хүчтэй буйгаас тэнгисийн гүн рүү шумбахад хүндрэлтэй байгаа гэнэ. Индонезийн удирдаж буй олон улсын эрлийн ажиллагаанд ОХУ-ын Бе-200 нисэх онгоц, 22 гүний шумбагч бүхий аврах баг нэгджээ.
Индонезийн Сурабая хотоос Сингапур хөөрөхөөс ниссэн онгоц арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж осодсон юм. Тухайн үед онгоцны ахмад шуурганаас зайлсхийхийн тулд өндрөө нэмэх хүсэлтийг тавьж байжээ. “QZ8501” нислэгт 137 хүн, 17 хүүхэд, нэг нярай зорчиж явсан аж.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА