Цагаачид хууль бус тээвэрлэлтийг өөгшүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.04-нд нийтлэгдсэн

Цагаачид хууль бус тээвэрлэлтийг өөгшүүлж байна

 

Европыг зорих олон мянган цагаачид хууль бус далайн тээвэрлэлт эрхлэгчдийг өөгшүүлж байгааг Италийн цагдаагийн газраас мэдээллээ. Италийн цагдаагийн газраас мэдээлснээр цагаачдыг тээвэрлэсэн хоёр ч хөлөг онгоц Газар дундын тэнгист орхигдсон байсныг эргийн хамгаалалт олж аварсан гэнэ. Тухайлбал өнгөрсөн мягмар гаригт Италийн эргийн хамгаалалтынхан Газар дундын тэнгист орхигдсон “Blue Sky M” хөлгөөс 796 цагаачийг олж аварсан байна. Гэтэл өнгөрсөн баасан гаригт Сьерра-Леоне улсын далбаатай “Ezadeen” хөлөгт 359 цагаач орхигдсон байсныг илрүүлжээ. Цагаачдын ихэнхи нь Сирийн дүрвэгчид аж. Италийн албаныхны үзэж буйгаар гэмт этгээдүүд хууль бус далайн тээвэрлэлтээс гурав орчим сая ам.доллар олсон байх магадлалтай гэнэ. Хөлгөөр зорчихын тулд цагаач тус бүр 4000-8000 ам.долларын төлбөр хууль бус тээвэрлэгчдэд төлдөг аж. Гэтэл даварсан хууль бус тээвэрлэгчид хөлгийг эргийн хамгаалалтынхан олж авраг хэмээн Италийн арлуудыг чиглүүлэн Газар дундын тэнгист жолоодлогогүй орхидог болжээ.

 

Иргэний дайн зөрчил мөргөлдөөний улмаас Европыг зорьсон хууль бус цагаачдын урсгал тасрахгүй байгаа юм. Өнгөрсөн жил Газар дундын тэнгисээс 200 мянган цагаачийг аварч гаргасан бол 3500 орчим хүн Европыг зорьсон аялалын явцад амь үрэгджээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж