Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал зөвхөн улс төр, эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг монгол туургатнуудаа эргэх, Монголтой холбоотой соёл, түүх, шашны дурсгалуудтай танилцах зэрэг өргөн хүрээг хамрах ажээ. Айлчлал энэ сарын 30-нд эхэлж, зургадугаар сарын 3-нд өндөрлөнө. Москвад Ерөнхийлөгч Д.Медведев, Засгийн газрын тэргүүн В.Путин, бусад хүмүүстэй уулзан улс төр, эдийн засгийн гол уулзалт, хэлэлцээр болох бол Санкт-Петербургт монголч эрдэмтэдтэй уулзаж, Монголтой хамаатай түүх, соёлын дурсгалуудтай танилцах ажээ. Мөн Халимагт зочилж Ерөнхийлөгчтэй нь уулзахаас гадна монгол туургатны амьдрал ахуй, түүх, шашны холбогдолтой газруудад очихоор урьдчилан төлөвлөжээ.
Тувад зочлох талаар өмнө нь яригдаж байсан ч том онгоц буух талбайгүй, аюулгүй байдлын хувьд боломж тааруу гэж Оросын тал үзсэн учраас энэ удаад айлчлахгүй болжээ.
Ажлын хэсгийнхэн урьдчилан ОХУ-д очиж айлчлалын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, шатарчин Мөнгөнтуул, бизнесийнхэн, сэтгүүлчид багтжээ.