Хүүхэд яагаад хуруугаа хөхдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хүүхэд яагаад хуруугаа хөхдөг вэ?

Хүүхэд төрөхөөсөө өмнө эхийнхээ гэдсэнд ч хуруугаа хөхөх тохиолдол байдаг байна. Хүүхэд хуруугаа эсвэл соосог хөхөхийг мэргэжилтнүүд төрөлхийн хөхөх рефлекстэй холбон үздэг.

Энэхүү төрөлхийн рефлексийн нөлөөгөөр хүүхэд төрөнгүүтээ эхийнхээ хөхийг хөхөж чаддагийг бид мэднэ. Хүүхдийн хөхөх үйл нь сүү тэжээлээ хүлээж авахаас гадна бас өөр ач холбогдолтой байдаг ажээ. Хүүхэд сүүгээ хөхөж залгих явцад хүүхдийн илүүдэл энерги гадагш ялгарч тайвширдаг, мөн амардаг байна. Магадгүй хүүхэд тайван биш байхдаа хөхнийхөө сүүг хурдан хурдан залгилах нь танд ажиглагдсан байж мэднэ. Мөн хүүхэд хөхөө эсвэл угжаа хөхөөд унтдаг нь үүнтэй холбоотой. Үүнтэй төстэйгөөр зарим хүүхэд соосог хөхөх, мөн дуртай зөөлөн тоглоом, дэрээ тэврэх зэргээр тайвшрах нь бий. Энэ нь тэдэнд ойр дотно байдал, хамгаалалтын мэдрэмжийг бий болгодог байна. Ийм тохиолдолд зарим хүүхэд хуруугаа шууд амандаа хийж хөхөх нь бий. Хуруу бол хүүхдэд хаа ч явсан бэлэн байдаг, хүссэн үедээ амандаа хийхэд тун боломжтой хэрэгсэл. Нөгөөтэйгүүр хуруунд мэдрэлийн эд эсийн төгсгөл байдаг тул дээрх тайвшруулах нөлөөллийг сайн өгдөг байна.

Хуруугаа хөхөхийг хэрхэн болиулах вэ?

Хүүхэд хуруугаа хөхөх нь дараах муу талтай. Хүүхэд хуруугаа хөхсөнөөс амны хөндийн урд талын хэсэгт нэг хэвийн даралт ирж, эрүүний байрлалыг урагшлуулахын зэрэгцээ шүдний байрлалыг өөрчлөхөд хүргэдэг ажээ. Нөгөөтэйгүүр хүүхэд нэгэнт хуруугаа хөхөөд сурчихвал түүнийг нь болиулахад нэн төвөгтэй байдаг байна. Хэрэв хүүхэд тань хуруугаа хөхөж байгаа нь анзаарагдвал та бүү уурлаарай. Уурлаж хориглоод байвал түүндээ улам илүү татагдаж дурлаж мэднэ. Иймд түүнийг нь яаж болиулах вэ гэдгийг бодож, аятай аргыг олохыг хичээгээрэй. Энд нэг аргыг санал болгож байна. Хүүхэд тань хуруугаа хөхөж байгаа нь ажиглагдвал тэр даруйд нь эхний ээлжинд соосог хөхүүлж сургахыг зориорой. Хүүхэд хуруугаа ам руугаа дөхүүлэх тохиолдол бүрд түрүүлэн соосгийг аманд нь хийгээд байвал түүндээ дасна. Орчин үеийн соосог зөөлөн, хүүхдийн эрүүний хөгжилд муугаар нөлөөлөхгүйгээр хийгддэг болсон бөгөөд харин соосогны хэмжээ янз бүр байдгийг анхаарч тохирохыг нь хэрэглэх шаардлагатай. Ийнхүү хурууны оронд соосог хөхүүлж дасгавал аль нэг өдөр түүнийг нь болиулахад хялбар байдаг байна. Соосог хөхдөг хүүхдийг 2-оос 3 хүртэлх насанд нь түүнийгээ хэрэглэхгүй болгоход анхаарах шаардлагатай бөгөөд түүнээс цааш удаан хугацаагаар хэрэглэвэл мөн л хүүхдийн эрүү, шүдний хөгжилд сөргөөр нөлөөлдөг ажээ. Ер нь энэ насандаа хүүхэд хуруу буюу соосог хөхөхөө ихэвчлэн өөрөө больдог байна. Тэд өөрсдийгөө “том болсон” гэж үздэг.

Davalgaa.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж