Аж үйлдвэрийн хөгжлийг бүсчилсэн хөгжилтэй уялдуулах нь чухал

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн хөгжлийг бүсчилсэн хөгжилтэй уялдуулах нь чухал

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Бадарчтай тус сал­ба­рын хэтийн төлөвийн талаар ярилцлаа.

-Аж үйлдвэрийн салбарынхан уржигдар НҮБ-ын Үйлдвэр хөгж­лийн байгууллагатай хамт­ран то­моохон уулзалт зохион бай­гууллаа. Ер нь манай улсын аж үйлдвэрийн салбар ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн хөгж­лийн загварын талаарх асууд­лыг сүүлийн үед хөндөж ярих бол­лоо. “Уул уурхайн салбар түлхүү хөг­жихөд бусад салбар уналтад орох нь” гэж санаа зовинох болжээ. Ийм байдалд оруулахгүйн тулд Зас­гийн газраас аж үйлдвэржүүлэх асууд­лыг нухацтай авч үзэж байна. Өн­гөрсөн оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 6.3 ху­вийг боловсруулах үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн эзэлж бай­на. Харьцангуй бага тоо болох нь ойл­­гомжтой. Мөн Монгол Улсын өр­сөлдөх чадварын талаар асуудал та­вих болсон. Өрсөлдөх чадвар нь ту­хайн улсын экспортолж байгаа бараа, бүтээгдэхүүнд хэр технологи ашигласан эсэхээс хамаардаг. Тэгэ­хээр манай улсын нийт экспор­тын 60 хувь нь технологи огт шингээгүй бараа, бүтээгдэхүүнүүд байна. Харин 30 орчим хувь нь анхан шатны боловсруулалтад орж байгаа юм. Технологи шин­гэсэн ганц бүтээгдэхүүн нь ноос, ноо­лууран эдлэл. Үүнээс хамаарч манай улсын өр­сөлдөх чадвар дэлхийн 157 орноос 140 орчимд жагсч байна.

-Улс орны хэмжээнд ийм түв­шинд байгаа юм бол бүс нутгаар нь авч үзвэл ямар дүн гарах бол?

-Үйлдвэржилтийг хөгжүүлэх чиглэлээр орон нутагт анхаарал хандуулах шаард­лагатай. Учир нь манай улсад бүсчилсэн хөгжлийн ялгаа их байна. ДНБ-ий 95 хувь нь төв болон хангайн бүсийн үйлд­вэрлэлээс бүрдэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг нийслэл болон Орхон аймагт үйлдвэрлэж байгаа. Харин үлд­сэн таван хувийг нь баруун бүсэд үйлд­вэрлэж байна. Тодорхой хэлбэл Ховд, Говь-Алтай, Завхан зэрэг аймаг. Харин зүүн бүс буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнодод ний­лээд таван хувийг ч үйлдвэрлэж ча­дах­гүй байгаа юм. Бүс нутгийн ийм үзүүлэлтүүдээс шалтгаалж төв рүү чиг­лэсэн нүүдэл явагдаад байна.

-Үйлдвэржилтийг орон ну­тагт хэрхэн өрнүүлэх вэ?

-Орон нутагт 2009-2016 онуудад үйлд­вэрлэл хөгжүүлэх чиглэлийг Засгийн газрын тогтоолоор 2009 онд баталсан. Салбарын мэр­гэж­­лийн холбоод, судлаачидтай хамт­ран аймаг, сум бүрээр хийсэн судалгаа, нутгийн захиргааны болон үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн са­нал, үйлдвэрлэлийн үндсэн сал­барын мэргэжлийн хүмүүсийн хү­рээнд хийсэн хэлэлцүүлэг, ТББ, мэргэжлийн холбоодтой гэрээ байгуулан гүйцэтгүүлж буй су­далгаа, боловсруулалтын ажлын үр дүн зэрэгт тулгуурлан энэхүү баримт бичгийг боловсруулсан.

-Үүнтэй холбоотой үйлдвэрлэл тэр дундаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Сум, дүүрэг бүрт хоорондоо ха­рилцан уялдаагүй жижиг дунд үйлд­вэрлэлийг дэмжих асуудал үеэ өнгөрөөчихсөн бололтой. Сүүлийн үед яриад байгаа кластер буюу бүсчилсэн хөгжлийг бий болгох нь илүү ач холбогдолтой. Бүс болгон бие даасан эдийн засгийн чадавхитай болно гэсэн үг л дээ. Жи­шээлбэл, баруун бүсэд манай улсын мал аж ахуйн салбарын 30 орчим хувь нь төвлөрсөн. Тэгэхээр тэнд бид мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний үйлдвэрийг түлхүү хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

-Сүүлийн хэдэн жил жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тө­рөөс багагүй дэмжлээ. Ямар үр дүн гарч байна вэ?

-УИХ, Засгийн газ­рын бүрэн эрхийн хүрээнд 2008 оноос хойш Жи­жиг дунд үйлдвэрүүд (ЖДҮ)-д сан­хүүгийн дэмжлэг үзүүлэх талаар то­моохон ахиц гаргасан. Улсын төс­вийн эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгох хэмжээ эрс нэмэгдэж, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр олгох ажлыг төсвийн эх үүсвэрийн оролцоотойгоор хийж эхэллээ. 2006-2008 онд гурван тэрбум төг­рөгийн төсвийн эх үүсвэрээр ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл ол­гож байсан бол 2009-2010 онд энэ үзүүлэлт 60 тэрбум болж нэмэгдэв. Өнгөрсөн хоёр жилийн дотор аж, ахуйн нэгж, иргэдийн 3250 төсөлд 78 тэрбум 642 сая 200 мянган төгрөгийн хөнгө­лөлттэй зээлийг сарын 0.8-1 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай олго­сон. Эдгээр зээлийг олгосны үр дүнд 2154 ЖДҮ үйл ажиллагаагаа өр­гөтгөж, 1096 нь шинээр байгуу­лагдав. Нийтдээ 11754 ажлын байр шинээр бий болсны зэрэгцээ 7088 ажлын байр хадгалж үлдлээ.

-Ноолуурын үйлдвэрийг дэм­жих асуудал ид яриг­даж байна. Үүнийг ноолуур үйлд­вэрлэгч малчин болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хоорондын харилцааг зохицуулах гарц гэж үзэж болох уу?

-Ноолуур тойрсон олон асуудал байдаг. Жилийн жилд л яригддаг. Монгол Улс ноолуурын зах зээл дээр хоёр дахь том тоглогч. Ноолуур бол Монгол Улсын стратегийн гол түүхий эд. Энэ жил нэг кг ноолуурын үнэ 70 мянган төгрөгт хүрч малчдын орлого нэмэгдэж байгаа нь сайхан. Нөгөө талаар дотоодын үйдвэрүүд маань 70 мянган төгрөгөөр авч чадах­гүй, ченжүүдэд, тэр тусмаа өмнөд хөр­шийнхөнд алдчихдаг гэсэн хард­лага байдаг. Үйлдвэрүүдэд ийм түвэг­тэй байдал үүсэхээр ноолуурын үйлд­вэрүүдэд нэг шаардлага тавьсан. “Нэг, нэгээрээ асуудлыг тавилгүй, бан­кинд баталгаа гаргаж эрсдлээ даах хэмжээнд нэгдсэн зохион бай­гуу­лалтанд ор” гэж. Ингээд 12 том үйлд­вэр нэгдэж “Монгол ноолуур” нэгт­гэл байгуулсан. Тэд эргэн төлөг­дөх нөхцөлтэйгээр бага хувийн хүү­тэй зээлийн дэмжлэг хүссэн. Энэ асуудлыг шийдсэнээр малчид төдий­гүй бэлтгэн нийлүүлэгчид, зууч­лаг­чид, үйлдвэрлэгчид, экспортлог­чдын асуудлыг цогцоор нь шийдэх юм.

-“Хятадууд орж ирээд манай ноо­луурыг авчихдаг” гэдэг. Иймэр­хүү зүйлийг бод­логын хэм­жээнд судалж тандаж, бодитой эсэхийг нь мэдсэн зүйл байна уу?

-Энэ ойлгомжтой. Үүнийг им­порт, экспортын мэдүүлгээс харж болно. Гэхдээ харьцангуй ойлголт байгаа юм. Ялангуяа манайхан ноо­луурын ченж гэж их ярьдаг. Бид тэгж хэлэх дургүй. Зах зээлийн нийгэмд тэд мах, ноолуур гэхчлэн дагнан мэр­гэшиж байна шүү дээ. Ямар нэгэн бүтцэд л ороогүй болохоос адилхан л монгол хүмүүс. Ченжүүдийн гар дээр төвлөрсөн мөнгө гэвэл муугүй.  2010 онд 6000  орчим тонн ноолуур бэлтгэснээс 1000 хүрэхгүй тон­ныг нь үндэсний үйлдвэрүүд авч бо­ловсруулсан. БНХАУ-руу 5000 орчим тонныг гаргасан статистик мэ­дээ байна. Энэ жил 4000 тонн ноо­луурын нөөцтэй гэж бодоод кг тут­мыг нь 60 мянган төгрөгөөр бодоход 250 тэрбум төгрөг буюу 200 сая ам.доллар болно. Энэ бол уул уурхайгаас ду­тахгүй орлого байгаа биз. Малчдын нөр их хөдөлмөрийг үнэ­лэхээс гадна энэхүү бодит эдийн зас­гийн салбарыг төр бодлогоор дэм­жих учиртай.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж