Нөөцийн махны үнийг 300 төгрөгөөр буулгалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны үнийг 300 төгрөгөөр буулгалаа

Өнгөрсөн сард бууруулаад байсан нөөцийн махны үнийг энэ сарын 27 буюу маргаашнаас дахин 300 төгрөгөөр бууруулахаар боллоо.

Нийслэлийн хүн амын 2011 оны хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн махыг 14 үйлдвэрт бэлтгэсэн. Нэгдүгээр сарын 15-ны өдрөөс нийслэлийн есөн дүүрэгт 274 цэгээр үхрийн махыг 3500 төгрөг, хонины махыг 3000 төгрөг, ямааны махыг 2400 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гаргасан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын махны холбоо, нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй үйлдвэрүүдийн удирдлагуудын хамтарсан хурлаар махны хангамж, үнийн тухай  хэлэлцэж, дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үхрийн махыг 3300 төгрөг, хонины махыг 2900 төгрөг, ямааны махыг 2300 төгрөгөөр худалдах шийдвэр гаргаж,  кг тутамд 100-200 төгрөгөөр буулгасан юм.

Нөөцийн махны борлуулалтыг сар сараар үзвэл, нэгдүгээр сард 1648 тн, хоёрдугаар сард 973,1 тн, гуравдугаар сард 1566,2 тн, дөрөвдүгээр сард 2174,6 тн, тавдугаар сарын 24-ны өдрийн байдлаар 3446,48 тн буюу нийт 9808,375 тн нөөцийн мах борлуулжээ. Энэ нь нийт бэлтгэсэн махны 81,74 хувь бөгөөд одоогоор 2137,556 тн махны нөөц үлдээд байна.  Мөн нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг махны үйлдвэрүүд нь илүү хэмжээний мах нөөцөлсөн тул долдугаар сар хүртэл нийслэлийн хүн амд хүрэлцээтэй, махны хомсдол үүсэхгүй гэж үзэж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан нөөцийн махны борлуулалтанд хяналт тавьж ажиллах, санал дүгнэлт өгөх ажлын хэсгийн 5 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар энэ сарын 27-ны өдрөөс эхлэн үлдэж байгаа нөөцийн махны үнийг буурууллаа. Үхэр, хонь, ямааны махыг кг тус бүрд дахин 300 төгрөгөөр буулгаж үхрийн махыг 3000 төгрөг, хонины махыг 2600 төгрөг, ямааны махыг 2000 төгрөгөөр худалдаалахаар шийдвэрлэсэн байна. Энэ оны 4, 5-р сарын махны үнийг 2010 оны 4, 5-р сарын махны үнэтэй харьцуулахад дөрөвдүгээр сард 7-9 хувь, тавдугаар сард 18-22 хувиар доогуур байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж