Шинэ оны баярын үдэш Шанхайн төвийн дүүрэгт эмгэнэлт хэрэг гарчээ. Шанхайн Вайтань дүүргийн Чэнь И талбайд он солигдсоны дараахан эмх замбараагүй байдал үүссэний улмаас 35 хүн амь үрэгдэж, 42 хүн гэмтэж бэртжээ.
Шинэ жилийн баяраа төв талбайд угтахаар цугласан олон мянган хүн шөнийн клубын тагтан дээрээс хэн нэгний цацсан хуурамч мөнгийг авах гэж улайрснаас эмгэнэлт хэрэг гарсан байна. Интернэтэд байршуулсан зургаас харвал шархадсан хүмүүст автозам дээр эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймшигт хэрэг гарсан газрыг цагдаа нар бүсэлжээ.
Америкийн сурвалжлагч Гэби Габриелийн мэдээлснээр “Хүмүүс бүрэн хяналтаа алдаж, хаа сайгүй уйлалдаж байсан гэнэ. Түүнчлэн Английн жуулчин Ребекка Томасын мэдээлснээр гудамжинд хэвтэх 10-15 хүнд гэр бүлийнхэн нь амаараа хиймэл амьсгал хийж байхыг цагдаа нар зүгээр харж зогссон гэнэ. Тэрээр найз бүсгүйдээ хиймэл амьсгал хийж буй залууд туслахыг хүссэн боловч цагдаа нар түүнийг нэвтрүүлээгүй аж. Энэ хооронд эмнэлэгт гэмтэж бэртсэн хүмүүстэй зэрэгцэн гэр бүлийхнийгээ эрсэн хүмүүс цуглан шаагилдаж байсныг сурвалжлагчид мэдээлжээ. Шанхайн албаныхны мэдээлснээр гэмтэж бэртсэн хүмүүсийг хэд хэдэн эмнэлэгт хуваарилан түргэн тусламж үзүүлсэн аж.
Хятадын дарга Си Жинпин Шанхайн удирдлагуудад хандан энэ хэргийн шалгааныг нэн даруй тодруулахыг үүрэгджээ. Шанхайд өнгөрсөн удаагийн шинэ жилийн баяраар 300 мянган хүн төв талбайд цугласнаас автозамын түгжрэл үүсч байсан гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС