Ж.Мөнхбат: Хүч тэнцвэргүй тулаанд орсон жил байлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.01-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Хүч тэнцвэргүй тулаанд орсон жил байлаа

Салбар салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан сарнай” тэргүүн наадам өчигдөр  болж, долоон салбарын онцлох эрхмийг тодрууллаа. Үүнээс хамгийн онцлог буюу  улс төрийн салбарын оны онцлох хүнээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тодорсон юм. Түүнтэй “Алтан сарнай” гардсаных нь дараа  цөөн хором ярилцлаа.

-“Алтан сарнай” наадмын шилдэгүүд олон нийтийн  санал асуулгаар тодордог гэдгээрээ онцлогтой. “Алтан сарнай”-н эзэн болсон танд баяр хүргэе.

-Баярлалаа. Монголынхоо айл  бүрт, иргэн бүрт шинэ жилийн  мэнд хүргэж байна.

-Таны хувьд 2014 он  ямар онцлогтой жил болж өнгөрч байна?  

-МАН-ын удирдах зөвлөлийг толгойлдог Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд  МАН-ын өдөр тутмын бүх үйл ажиллагааг удирдан оролцсон жил байлаа. Сөрөг хүчний хувиар дэвжээн дээр хүч тэнцвэргүй  тулаанд орж, ажилласан жил байлаа. Бид  нэгт улс орны эрх ашиг гэдэг  зарчим баримталсан.  2012 оны УИХ-ын, 2013 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд  намууд, улстөрчид ард түмэндээ өгсөн хүний төлөө зүтгэх амлалтаа биелүүлэх шаардлагыг тавьсан. Бид 21 аймгаа тойрч ард иргэдтэй уулзан, амьдрал  байдалтай нь танилцсан гээд  олон ажил амжуулжээ. 2016 онд МАН яавал ялах вэ гэдгийг хойш нь тавьж,  үүсээд байгаа эдийн  засгийн хямралыг зогсоох, хүнд үед улстөрийн тулхтай, итгэл даах улстөрийн хүчин  гэдгээ харуулахаар Засгийн газарт орж ажиллах хүсэлтийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл сөрөг хүчнээс эрх баригч хүчин болсон он жил  өнгөрч байна.

-Та генсекийн хувьд улс төрийн амаргүй  шийдвэрүүд  гаргасан.  Энэ хэрээрээ олон эсэргүүцэлтэй тулгарч, шийдэлд хүрч, давж  гарсныг тань үнэлсэн юм болов уу гэж бодож байна?

-Намын дүрмээр  Удирдах  зөвлөл бүх шийдвэрийг гаргадаг. Удирдах зөвлөлийн шийдвэр хамтынх байдаг.  Хамтын шийдвэр гаргахад Удирдах зөвлөлийг толгойлдог гэдэг утгаараа  намын Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Өнгөрсөн 2014 онд журмын нөхдийнхөө хамт зүтгэснийг маань үнэлсэн  юм болов уу.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж