Төрийн банкны хувьчлалд бондын өр саад болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Төрийн банкны хувьчлалд бондын өр саад болжээ

Энэ оны эхээр “Төрийн банкийг яаралтай хувьчлах хэрэгтэй” гэсэн чимээ нэлээд тод дуулдаж байснаа сүүлдээ сураг алдрав. Үүний шалтгаан нь “Зоос”-ыг аварч, Төрийн банкийг байгуулахын тулд гаргасан 100 тэрбумын бонд юм байна. Засгийн газар Төрийн банкийг энэ өрөө хүүтэй нь хамт 100 хувь төлж барагдуулахаас өмнө хувьчилж болохгүй гэсэн чиглэл баримталж байгаа аж. Уг нь энэ онд хувьчлах аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтад тус банкны нэр багтаж, төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх ёстой байж. Монголбанкныхан ч “Төрийн банкийг аль болох хурдан хувьчлах шаардлагатай” гэсэн байр суурь илэрхийлж байсан. Гэвч дээрх өр, зээлээс болж хувьчлал удаашрах нь тодорхой болоод байна.

Төрийн банкийг анх байгуулах үед УИХ, Засгийн газрын гишүүд “Нэгэнт арилжааны банкны статусаар ажиллах болохоор төр байнга “халамжилна” гэж байхгүй. Санхүүгийн хувьд эрсдэлгүй болж, саадгүй ажиллаад эхлэхээр нь бие даалгана. Мөн хувьчлах асуудлыг ч хөндөх болно” хэмээж байсан билээ. Өнөөдөр Төрийн банк тийм хэмжээнд хүрсэн үү гэвэл аль хэдийнэ хүрчихсэн. Тодруулбал, нийт актив нь 180 тэрбум, зээлийн хэмжээ 48 тэрбум, чөлөөт эргэлтийн мөнгө 100 тэрбум төгрөгт хүрчихээд байгаа. Түүнчлэн “Зоос” банкнаас шилжүүлсэн 70 тэрбум төгрөгийн зээлээ ч төлөөд бараг дуусч байгаа гэдгийг төв банкнаас мэдээлж байсан. Харин Засгийн газрын бондын өрөө төлөх тал дээр л нэлээд хойрго хандаад байгаа бололтой.

Хэрэв Төрийн банкны хувьчлал энэ мэтээр удаашраад байвал төсвийн орлого тодорхой хэмжээгээр тасалдана. Төсвийн тодотголоор шийдэх хөрөнгө оруулалтууд ч эргэлзээтэй болох талтай. Яагаад гэвэл энэ оны төсөвт өмч хувьчлалаас 98.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх учиртай. Үүний 60 гаруй тэрбумыг нь зөвхөн Төрийн банкны хувьчлалаас бүрдүүлнэ гээд Төсвийн тухай хуульдаа тусгачихсан байдаг. Гэтэл тэрхүү гол объект нь тун боломжийн ажиллаж байгаа хэрнээ өрөө барагдуулдаггүй. Сангийн яам ч Төрийн банкинд хэтэрхий зөөлөн хандаж, “толгой”-г нь илээд байх шиг. Энэ байдлаас “Хагалж идэхээр шийдсэн тарган хонь нь баригдахгүй зугтсанаар, эзэн нь “Больдог ч юм уу даа” хэмээн шантарч байгаа” мэт дүр зураг харагдана. Төрийн банк боломжийн ашиг олж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд 1.5-2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн чанаргүй зээлийн хэмжээ гурван хувьтай байгаа нь Монголд урьд өмнө байгаагүй үзүүлэлт. Банкны салбарын оргил үе буюу 2003-2004 онд ч чанаргүй зээлийн хэмжээ гурван хувь хүртлээ буурч байгаагүй юм. 

Ер нь Төрийн банкийг тойрсон ээдрээ их бий. Хувьчлал хийгээд бондын өр барагдуулах асуудлыг ийнхүү удаашруулж байгаа нь анх байгуулсан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой байхыг үгүйсгэх газаргүй юм. Жишээ нь, Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг үндсэндээ Сангийн яамны хүмүүсээр л бүрдүүлсэн шүү дээ. Тодруулбал, тус яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр, Дотоод аудит хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Гэрэлмаа, Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын орлогч дарга Б.Ганболд гээд нэг яамны бараг бүх газрын дарга нь нэг банкны ТУЗ-д багтсан нь тийм ч энгийн үзэгдэл биш. Тиймдээ ч засгийн өрөөс зайлсхийж, арга саам хайгаад байгаа юм билүү. Хэнд ч эргэлзээтэй л санагдах нь гарцаагүй. Үүнээс гадна ойрын үед “Алдарт 100 тэрбумын бонд нь анхнаасаа будилаантай байсан юм биш биз гэх асуудлыг УИХ-ын зарим гишүүн сөхөж, мартагдсан дуулианыг амилуулсан нь бас л анхаарал татаж байна. Хэрэв энэ сэдэв бүр сэдэрвэл Төрийн банкны хувьчлах нь бүү хэл, бондын өрийг хэн төлөх вэ гэдэг дээр ч маргаан гарч болзошгүй. Төрийн банкны хувьчлалыг тойрсон дотоод асуудал нэг иймэрхүү дүр зурагтай байна. Харин гадаад хүчин зүйлийн нөлөө хэр байгаа бол. Яг үнэндээ ТУЗ-ийнхөнөөс гадныхан илүү хүчтэй байгаа нь зарим зүйлээс харагддах болсон. Хувьчлалыг нэн эртнээс анаж байгаа нэг субъект нь оросууд буюу Ервопын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/. Тэд санхүүгийн хувьд гуйж бус, гуядаад авах чадалтай ч аятайхан тохироо бүрдэхийг хүлээж байгаа. Яагаад гэвэл тэд мөнгөний хүчээр бус, арга залиар аль нэг банкийг “залгих”-даа гаргууд. Шуудхан хэлэхэд “Зоос”-ыг золигт гаргахад ЕСБХБ “үнэтэй хувь нэмэр” оруулсан. Түүх сөхвөл, тус “Зоос” банкийг хэвийн ажиллаж байх үед 26 хувийг нь ЕСБХБ эзэмшдэг байв.

Тус банкныхан өөрсдийн эзэмшил, эрх мэдлээ гүнзгийрүүлэхийн тулд одоогоос хоёр жилийн өмнө “Зоос”-ын монгол захирлуудыг халж, өөрсдийн хүнээ томилж байлаа. Ингээд “Зоос”-ын шинэ удирдлагаар ЕСБХБ-наас Бэн Турнбул тэргүүтэй баг ажилласан юм. Удсан ч үгүй “Зоос” бүрмөсөн дампуурч, Монголбанкнаас Бү­рэн эрхт төлөөлөгч томилсон. Дараа нь “Зоос” төрийн мэдэлд 100 хувьд шилжиж, Төрийн банк байгуулагдахад ЕСБХБ-ны Бэн Турнбул тэргүүтэй баг мөн л удирдсан. Хэдийгээр Төрийн банкны ТУЗ-ийн есөн гишүүн бүгд монгол хүн ч урьдны 26 хувийн эзэмшлээс шалтгаалж, гүйцэтгэх удирдлага ЕСБХБ-ны мэдэлд байсаар байв. Харин Төрийн банкийг хувьчлах тохироог бүрдүүлэх үүрэг бүхий ноён Бэн хувийн шалтгаанаар ажлаа өгснөөр Ж.Отгонбилэг гүйцэтгэх захирал болсон билээ. Гэхдээ л ЕСБХБ давуу талаа алдахгүйг хичээж байгаа нь зарим зүйлээс анзаарагдаж байна. Хэдийгээр хувьчлах хугацааг Засгийн газар тодорхой болгоогүй ч ямар үнээр хувьчлахыг аль хэдийнэ яриад эхэлчихсэн гэх мэдээлэл бий. Хувьчлалд оролцох сонирхолтой зарим хөрөнгө оруулагч үнийн саналтай урьдчилсан байдлаар танилцсан аж. Ямартай ч Үндэсний хөрөнгө оруулалтын банкныханд Төрийн банкны хувьчлалын үнэ арай чангадсан гэнэ.

Эндээс “ЕСБХБ хувьчлалын үнийг аль болох өндөр байлгах замаар дотоодын хөрөнгө оруулагчдыг туйлдуулах бодлого барьж байгаа юм биш биз” хар төрж байгаа юм. Тэдний Төрийн банкин дахь хувь эзэмшлийн нөлөө хэвээр байна.  

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж