Ахмад багшид одон гардууллаа

Хуучирсан мэдээ: 2014.12.31-нд нийтлэгдсэн

Ахмад багшид одон гардууллаа

Дархан-Уул аймгийн Анагаах Ухааны Их Сургуулийн ахмад багш Янсрангийн Жаалхүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар хүртээсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг шинэ оноо угтан авахын урд өдөр аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ч.Цэндсүрэн гардуулж баяр хүргэлээ.

Анагаах ухааны ахмад ажилтан багш Я.Жаалхүү нь эх орныхоо хамгийн өмнөд хязгаарын торгон хил дээрх Орвог Гашууны бор толгойн хойхоно төрж, дунд дээд сургуулиар дамжин суралцаж их эмчийн мэргэжил эзэмшин говь нутагтаа Цогтцэций, Номгон, Даланзадгад сумуудад олон жил ажиллажээ. Тэрбээр өргөсөн тангарагийнхаа дараагийн томилолтоор Монгол нутгийнхаа хойморт  Бурхантын хөндийн шинэ залуу Дархан хотод ирж анагаахын мэргэжилд суралцахаар газар бүрээс хүрэлцэн ирсэн залуусыг эрдмийн аянд хөтөлжээ. Ахмад багшийн зааж сургасан үе үеийн олон зуун шавь нар нь эмчийн диплом өвөртөлцгөөн ард олныхоо эрүүл энхийг хамгаалах гэгээн үйлсэд зүтгэцгээн өнөөдөр  эрдэмтэн докторууд, алтан гартай эмч нар олон төрж гарчээ. Улиран одож байгаа оны отгон өдөр төрийн хүндэт одон гардсан ахмад багш Я.Жаалхүүд Дархан-Уул аймаг дахь Өмнөговь аймгийн Нутгийн Зөвлөлийн дарга, мэс засалч эмч Ц.Баясгалан, шавь нар, үр хүүхдүүд нь хүрэлцэн ирж баяр хүргэлээ.

Ө.РАГЧААСҮРЭН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж