МУГЖ дуучин Самандын Жавхлан монгол үндэсний хувцас, монгол уламжлалыг олонд таниулж үүнийхээ төлөө олон түмнээс хүндлэл хүлээсэн нэгэн. Тэрбээр энэ удаа “Монгол өлсөх учиргүй” нэртэй тоглолт хийж, энэ ажлынхаа үргэлжлэл болгон энэ сарын 29-ний өдөр Цагаан давааны хогийн цэг дээр амьдарч байгаа 200 гаруй иргэнтэй өөрийн биеэр уулзжээ. Тэрбээр хогийн цэг дээр амьдарч буй иргэд, хүүхдүүдэд үхрийн сүү бэлэглэсэн байна. тэрбээр "Би “Монгол өлсөх учиргүй" хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний монголоо гэсэн цагаан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Өнөөдөр та нарыг нийгэмд Ядуучууд залхуучууд аминдаа арчаагүй хүмүүс л хог түүдэг гэж… Тархи нь тураалд ороод гэдэс нь хагарч, цадахаа мэдэхээ больсон энэ төрд шургалсан цагаан гартан ямбатангууд түмэн олонд ингэж ойлгуулж сурталчилж байна. Тэгвэл би түрүүн ирэхдээ одоо ч та нартай уулзаад огтхон ч залхуу биш, гэдэс дундуур ч тархи чинь баян, хүнд хэцүү байгаа ч сэтгэл чинь цагаан байгааг олж мэдэрлээ. Тэгэхээр жинхэнэ залхуучууд төрийн ордон дотор байна. Бид тэр залхуучуудыг хөөн зайлуулж төрт улсаа цэвэрлэж түмэн монголоо аврах сэтгэлтэй тэр хүмүүсийг олж тавих цаг ирснийг хэлмээр байна. Бид энэ хэцүү үед оюун сэтгэлийн галаа нийлүүлж нэгдэх цаг иржээ. Ингээд элэг зүрх нэгт Монгол ахан дүүс та нар минь энэ 31-ний орой Монгол улсын Ерөнхийлөгч мөнгөн аяга мэлтэлзүүлээд сүү бариад үг хэлэхэд нь хоосон суулгүй миний өгсөн энэ сүүг цаасан шаазан аягандаа ч болтугай хийгээд бариарай. Бид энэ эх орондоо тэгш эрхтэй байх ёстой өлсвөл адилхан өлсдөг баярлавал хамтдаа баярладаг байх ёстой болохоос биш нэг хэсэг нь задарч нөгөө хэсэг нь ядарч болохгүй” гэсэн байна.
С.ШАРХҮҮ