Барак Обамаг Ирландад хүрэлцэн ирэхэд Миссури мужийн иргэд “Та гамшиг болсон газарт хүрэлцэн ирэхгүй юм уу. Нөхцөл байдал энд хүнд байна” гэж шаардсан билээ. Мөн “Түүнийг өндөр хэмжээний төрийн айлчлал хийж байхад АНУ-д болсон хар шуурганы асуудлыг шийдвэрлэчих арын алба гэж байхгүй юу” хэмээн зарим шүүмжлэгч цахим хуудаснаа бичжээ.
Сүүлийн өдрүүдэд Исландын арал дээрх галт уулын дэлбэрэлтийн талаарх мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байна. Б.Обамагийн хувьд айлчлалынхаа хуваарийн дагуу, өнөөдөр Их Британиас Францыг зорих төлөвлөгөөтэй байгаа. Гэвч Их Британийн агаарын нислэгийн албаныхны мэдэгдсэнээр, цаг уурын байдлаас хамаарч нислэг үйлдэх цагийг яаралтай товлох юм. Тэд уржигдар шөнө туршилтын нислэг хийсэн боловч агаарын даралт хэтэрхий өндөр байсан тул бүтэмжтэй болоогүй. Исландын галт уул дэлбэрсний дараа агаарт цацагдсан үнс нурам нь зүүн урагшаа чиглэсэн салхины аясыг дагаж Их Британий нутаг дэвсгэр рүү оржээ. Үүний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Францад хийх айлчлалаа хойшлуулж магадгүй болоод байна. Тиймээс их наймын уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй боллоо.
Исландын галт уулын дэлбэрэлтээс болж агаарт цацагдсан үнс нурам салхины урсгал даган гурван хэсэгт тархжээ. Эхнийх нь Гринландаар дамжин Канадыг чиглэсэн. Хоёр дахь хэсэг нь Хойд мөсөн далайгаар дамжин Европ тивийн хойд хэсгээс Орос руу орлоо. Харин сүүлийнх нь Атлантын далайн орчмоос Их Британи руу цацагдаж эхэлжээ. Цаг уур судлаачид энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч зарим судлаач “Европ тив хэд хоног өндөр даралт бүхий агаартай байх болно” гэжээ. Тиймээс нислэг үйлдэх боломжтой гэж баталгаатай хэлж чадахгүй” гэв. Европт 500 гаруй нислэг цуцлагдсан бөгөөд энэ нь зорчигчдын аюулгүй байдлыг сахиж, галт уулын дэлбэрэлтээс гарсан утааг нэгмөсөн арилтал түр саатах аж.
Байгалийн үзэгдлээс болж Б.Обама Польшийн нийслэл Варшавт хөл тавихгүй байж магадгүй юм. Түүний хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч, Б.Обама Польшийн Ерөнхийлөгч агсныг хүндэтгэх ёслолд оролцож амжихгүй байж мэднэ” хэмээн мэдэгджээ. Дашрамд дурьдахад, Б.Обамагийн хөлөглөдөг машины талаар нэлээд дуулиан дэгдсэн. Түүнийг Ирландад айлчлах үед энэхүү “мангас” нь түүнийг онигоонд оруулсан хэмээн олон улсын хэвлэлүүд эд бичиж байна. “Хар мангас” гэж АНУ-ын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр хөлөглөдөг хар өнгийн “Кадилак лимузин” машиныг нэрлэдэг. Б.Обамаг Дублин дахь АНУ-ын Элчин сайдын яамны хашаанаас гарахад машин нь “гацаж” олныг хөгжөөгөөд амжсан. Харин бусдаараа бол үнэхээр “Хар мангас” хэмээн CNN агентлаг онцолжээ. Мөн “Б.Обамагийн машинд их хэмжээний хамгаалалтын зэвсэг байсан учраас ийнхүү гацсан” хэмээн хошигносон аж. Харин “Times” сонинд “Обама Элчин сайдын яамнаас алт тээвэрлэж гарах гэж байгаад гацсан” хэмээн хөгжилтэй гэмээр таамаг дэвшүүлсэн байх юм. Euronews сайтад “Б.Обамагийн “Хар мангас”-т ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев хүртэл цагийг зугаатай өнгөрүүлсэнийг гэрчлэх гэрэл зураг бий. Түүний айлчлал Англиар өндөрлөх эсэх нь өнөөдөр тодорхой болох байх гэсэн таамаглалыг BBC-ийн сэтгүүлчид онцолсон билээ.
Харин Б.Обама Англид хүрэлцэн ирээд Хатан хаан II Элизаветтай уулзаж хүндэтгэл үзүүлээд дараа нь язгууртан гэр бүлийн шинэхэн хостой Мишель Обамагийн хамт уулзсан нь өчигдөр болсон айлчлалын оргил хэсэг байсан талаар BBC мэдээлжээ. Энэ үеэр Б.Обама, ханхүү Уилъям хоёр хөгжилтэй инээлдэн ярилцаж байж. Магадгүй Б.Обама “Намайг яагаад хуримандаа урьсангүй вэ” гэж хошигносон ч байж мэдэх юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин