Чөлөөт уран бүтээлийн NBHD телевиз болон Орхон аймгийн мэдээ мэдээллийн Эрдэнэтинфо.мн сайт хамтран Орхон аймгийн 2014 оны “Онцлох 10 үйл” явдлыг нэрлэж байна.
1. Орхон аймаг спортын гурван төрөлд Дэлхийн аваргуудтай болов
ОХУ-ын Челябинск хотод болсон жудо бөхийн ДАШТ-ний 60 кг-ын жинд “Эрдэнэт” үйлдвэрийн Хангарьд спорт клубын тамирчин, ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртэж дэлхийн аварга болов. Тэрээр Монгол улсын жудо бөхийн гурав дахь дэлхийн аварга болсон бол Хангарьд клубээс төрж буй жудо бөхийн дэлхийн анхны аварга юм. Түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж хөдөлмөрийн баатар “Бөртэ чоно” 2014 наадмын Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчинаар тодруулсан билээ. Г.Болдбаатарыг “Эрдэнэт” үйлдвэрээс 3 өрөө байр, 25 сая төгрөгөөр түүний бахдам амжилтыг мялаасан юм.
Мөн нэг том амжилт бол 2014 оны 08 дугаар сарын 21-24 хооронд Оросын холбооны улсын Москва хотод зохиогдсон Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хангарьд клубын тамирчин Батмагнайн Амарбат нь алтан медаль хүртэж, 260 кг өргөж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
2. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд нээгдлээ
Монгол улсын Засгийн газраас баримталж байгаа импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд "Эрдэнэт үйлдвэр"-т гадаадаас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний тоог бууруулж, эх орондоо үйлдвэрлэж нийлүүлэх санал, санаачлагыг дэмжин дотоодын үйлдвэрлэгчтэй түлхүү хамтран ажиллаа. Энэ ажлын хүрээнд "Эрдэнэт үйлдвэр"-ийг түшиглэн дотоодын зургаан үйлдвэр Орхон аймагт байгуулагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Эрдэнэт үйлдвэр"-тэй хамтран ажиллаж байгаа юм.
2014 онд
- "Шим Технолоджи” ХХК-ийн молибдены баяжмал боловсруулах үйлдвэр
- "Ачит Ихт” катодын үйлдвэр
- "Бэрэн металл” компанийн Төмөрлөгийн үйлдвэр
- "Мэйнспринг” резин, резинэн бүтээгдэхүүний үйлдвэр
- "Мөнхийн цагаан жим” амны хаалтын үйлдвэр
- "ТД ЛЕД” лед гэрлийн үйлдвэр тус тус байгуулагдаад байгаа юм.
3. “Баян-Өндөр” сумын 20 жилийн ой тохиолоо
Баян-Өндөр сум байгуулагдаад 20 жилийг ардаа орхижээ. Баян-Өндөр сум нь Монгол улсын хамгийн том, хамгийн олон хүн амтай гэдгээрээ алдартай. 27.5 мянган га нутаг дэвсгэрт 24.3 мянган өрх, 87.8 мянган хүн амтай. Нийт хүн амын 66.5 хувь нь идэр болон залуу насныхан, 27.7 хувь нь хүүхэд, 5.8 хувь нь хөгшид оршин сууж байна. Хүн амын хүйсийн харьцаа эмэгтэй 51 хувь, эрэгтэй 49 хувь юм. Нийт өрхийн 96.6 хувь, хүн амын 97.1 хувь нь сумын төвд, өрхийн 3.4 хувь, хүн амын 2.9 хувь нь хөдөө амьдардаг. Ойн баяраа тохиолдуулан тус сумаас 20 бүтээлч ажил хийж төв баг тус бүр өөрийн онцлогийг харуулсан сүрт жагсаал хийж төв цэнгэлдэх хүрээлэнг доргиосон сайхан баяр наадам болж өнгөрлөө.
4. Орхон аймгийн МАН “жагсаж” АН даргаа “солив”
МАН-аас 2014 оны 4-р сарын 10-нд Улаанбаатар хотод болон зарим аймагт зохион байгуулсан тайван жагсаал Эрдэнэт хотод “Үгээ хэлцгээе” уриан дор болж өнгөрлөө. Тайван жагсаалд Аймгийн МАН-ын хорооны удирдлагууд болох Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Батлут, төлөөлөгч А.Түвшинжаргал, Д.Мөнхбат болон намын гишүүд дэмжигчид оролцлоо. 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Ардчилсан нам сонгуулийн амлалтуудаа биелүүлээгүй бөгөөд, эдийн засгийн бодит хямралд улс эх орноо оруулж, ард түмнийхээ амьдралыг улам бүр доройтуулсан гэж МАН-ынхан үзэж байгаагаа жагсаалын үеэр илэрхийлсэн. Цуглаанаас Аймгийн ИТХ-ын дарга, болон засаг дарга нарт хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байна. Орхон аймгийн АН энэ сарын 25 хуралдаж намын даргаа сонголоо. Орхон аймгийн АН-ын дарга Г.Зоригт эрүүл мэндийн шалтгааны улмаас сонгуульт ажлаа өгч байгаа юм. Намын даргад ИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Батхуяг, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар өрсөлдөж Нийт 79 хүн санал хураалтанд оролцож М.Батчимэг 40 хүний санал, Ц.Батхуяг 39 хүний санал буюу 50,6 хувиар УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймгийн АН-ын даргаар сонгогдсон байна.
5. Том оврын Автобус Нийтийн тээвэрт 20 жилийн дараа үйлжилж эхэллээ
Орхон аймгийн нийтийн тээвэрт 10 ширхэг том оврын автобус ажиллаж эхэллээ. Нийтийн тээвэрт том оврын автобус үйлчилгээг “Буган орд” ХХК нэвтрүүлж байна. Дээрх 10 автобусын нэг бүрийн өртөг нь 45 сая төгрөг бөгөөд 2006 онд БНСУ-ын Daewoo үйлдвэрт үйлдвэрлэсэн. Дээрх автобусууд нь нэг шугам, 2 чиглэлд зорчигч тээвэрлэж байна. Тодруулбал, Их залуугаас Дөмөг худалдааны төв, Дөмөг худалдааны төвөөс Их залуу гэсэн чиглэлд урд, хойд хэсгээр ажиллана. Цаашид автобус болон маршрутын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Нэг автобус нэг ирээс хийхдээ 41 буудалд зогсож өдөрт 600 орчим иргэнд үйлчлэх төлөвлөгөө гарчээ. Ийнхүү 20 жилийн дараа Орхон аймгийн иргэдэд том оврын автобус үйлжилж эхлээд байна.
6. “Эрдэнэт үйлдвэр" ХХК ажилчидынхаа нийгмийн асуудалд анхаарсан жил боллоо
“Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн инженер техникийн 1000 ажилтан оролцсон “1000 инженерийн 2-р зөвөлгөөн” “Хангарьд” паласт боллоо. “1000 инженерийн зөвөлгөөн”-ийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын санаачлагаар 2013 онд эхлүүлсэн юм. Өнгөрсөн жилийн чуулган Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хэтийн төлөвт анхаарлаа чиглүүлж байсан бол энэ удаа бүтээмж инновацийн асуудлаар хэлэлцлээ. Энэ удаагийн 1000 инженерийн зөвөлгөөн, “Шинэ санаа – шударга урамшуулал, Бүтээлч санаачилга – хөгжлийн түлхүүр” уриан дор болсон юм. Монголын хамгийн урт унадаг дугуйн зам Эрдэнэтэд ашиглалтанд оров.
“Эрдэнэт үйлдвэр"-ийн “Зөв залуус” клубийн санаачилсан “Эрүүл мэндийн зам” төслийг “Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагууд санхүүжилтээр дэмжиж амжилттай хэрэгжүүллээ. Стандартын дагуу баригдсан бетон цутгамал 5,6 км дугуйн зам ийнхүү ашиглалтанд орсноор Эрдэнэчүүд унадаг дугуйгаар хичээллэх, явган аялах, самбарт болон дугуйт тэшүүрээр зорчих боломжтой болж байна.
Орхон аймгийн ирээдүй болоод хэтийг тодорхойлох эдийн засгийн хөшүүрэг, орлогын эх үүсвэрийг бий болгох зорилгоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн хүрээнд “Эрдэнэт Медикал” оношилгоо эмчилгээний төв байгуулагдаж төвийн барилга байгууламж, тоног төхөөрөмж хүлээн авах ёслол боллоо. Энэхүү оношилгооны төв нь Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд барилга байгууламж инженерийн шугам сүлжээний ажилд 9,8 тэрбум төгрөг, эмнэлэгийн тоног төхөөрөмжинд 15,9 сая америк доллар, нийтдээ оношилгооны төвийн бүтээн байгуулалтанд 41 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Тус төвийн үндсэн үйл ажиллагаа 2015 онд эхэлж орон нутагт шинээр 130 гаруй хүний ажлын байр бий болж байна.
7 а хороолол буюу евро эко төгөл хороолол нь Чех улсын өндөр зэрэглэлийн инженер мэргэжилтнүүдийн барилгын удирдлагын хяналттайгаар Эрдэнэт хотноо баригдаж байгаа хамгийн анхны цогц шийдэл бүхий орон сууцны хороолол юм. Энэ байрнаас эхний 50 айл байрныхаа түлхүүрийг гардан авлаа. ”Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтан ажиллагсадаас орж, зах зээлийн үнээс хямд үнээр шинэ байртай болж байна. “Эрдэнэт үйлдвэр” ажилтан ажиллагсадаасаа ойрын жилүүдэд 2500 айлыг орон сууцаар хангах бодлого барьж байна.
7. Бид Эрдэнэтийнхэн соёл урлагийн нэгдсэн арга хэмжээ боллоо
Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Бид Эрдэнэтийнхэн” арга хэмжээний хүрээнд олон ажил зохион байгуулагдлаа. Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу, Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” нутгийн зөвлөлийн дарга Н.Далантай нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэв. Үүний дараа Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Эрдэнэтийн уугуул иргэд, урлаг соёлынхны төлөөлөл Монгол улсын ерөнхий сайд агсан А. Амарын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв. Цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, төрийн дуулал эгшиглүүллээ.Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд гурван баг оролцсон бөгөөд тэмцээнд Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн "Бид Эрдэнэтийнхэн" баг тэрүүн байр эзэлж Хоёрдугаар байранд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хангарьд баг, удаах байранд Орхон аймгийн шигшээ баг тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. “Бид Эрдэнэтийнхэн” спорт, урлагийн арга хэмжээ хоёр өдөр үргэлжилсэн А.Амарын талбайд урлаг, соёлын одод оролцсон “Бид Эрдэнэтийнхэн” шоу тоглолтыг зохион байгуулав.
8. Орхон аймаг орон сууцны 6 хорооллын замаа бүрэн шинэчиллээ
2014 онд Манай аймаг эвдрэл гэмтэлтэй авто замаа бүрэн хэмжээнд засварлалаа. Орон сууцны 6 хорооллын явган хүний зам, зогсоолын өргөтгөл, орц гарцтай болгох, зарим гэр хороололд хатуу хучилттай авто зам тавих буюу Баянбулаг багийн 1,3 км хатуу хучилттай авто зам, Эрдэнэ баг, Хабитат багийг холбосон 1,8 км авто замыг гээд зам засварын ажилд 7,4 тэрбум орчим төгрөгийг зарцуулж нийтдээ 50 гаруй км авто замын засвар шинэчлэл өргөтгөлийн ажил хийгдээд байна. 7 тэр бум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа замын ажил чанартай, үр дүнтэй, хэдэн сарын дараа эвдэрч хонхойж дараа жил ахиад мөнгө хөрөнгө гаргаж засах зүйл яригдахгүй байх ёстой. Ихээхэн хөрөнгө оруулалтыг зарцуулж байгаа гэдэг утгаараа ажлын чанартай холбогдуулан орон нутгийн удирлагууд ямар компани хичнээн төгрөгөөр, хаана бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгааг ил тод мэдээлсээр, санал шүүмжлэл дагуулсаар замын ажил дууссан билээ.
9. 2014 онд Шинээр хоёр цэцэрлэг үүдээ нээлээ
Орхон Аймгийн хэмжээнд цэцэрлэгүүдийн тоог нэмэх, шинээр ашиглалатанд оруулах ажлын хүрээнд цэцэрлэгийн зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудыг нүүлгэн суллаж тухайн байрыг зориулалтаар нь ашигласнаар 2014 онд 2 цэцэрлэг шинээр нээсэн. Энэ жилийн тухайд Баян-Өндөр цогцолбор сургуулийн хичээлийн 3-р байр буюу 10-р бага сургуулийн байр, “Ирээдүйн одод” сургуулийн дотуур байрыг суллан Бялзуухай болон Одод цэцэрлэгийг нээж 300 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан юм. Энэ онд шинээр нээгдсэн дээрх цэцэрлэгүүд тус бүр 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Бялзуухай цэцэрлэгийг нээхэд орон нутгийн төсвөөс 150 сая төгрөг зарцуулсан юм. Тодруулбал цэцэрлэгийн засварт 80 сая төгрөг, тоног төхөөрөмж нийлүүлэх зардалд 70 сая төгрөг зарцуулжээ. Харин Одод цэцэрлэгийг ашиглалтанд оруулахад Боловсролын яамнаас 50 гаруй сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом авч тавьсан бол орон нутгийн төсвөөс тоног төхөөрөмжинд 96 сая төгрөг, их засварт 140 сая төгрөг зарцуулж “Сэхүүн Чоно” ХХК засварын ажлыг хийж гүйцэтгэжээ. Одод цэцэрлэг ашиглалтанд орсноор аймгийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 900 гаруй хүүхэд байгаагийн 183 нь цэцэрлэгт явах боломжтой болж 27 ажлын байр шинээр бий болсон юм. 2014 онд боловсролын салбарт хийгдсэн бүтээлч ажлуудын тоонд цэцэрлэгүүдийг камержуулах ажил болон Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас санаачлан ИТХ-ын байгууллагатай хамтран хийсэн 1-5-р ангийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн сурах бичгийг зохиож заах аргазүйг шинээр боловсруулсан ажил ч мөн багтах юм.
10. Чөлөөт уран бүтээлийн “НБТВ” буюу Номин телевизийн 10 жилийн ой боллоо
Орхон аймгийн хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа Чөлөөт уран бүтээлийн Номин телевиз 10 жилийн ойн баяраа нийт үзэгчидтэйгээ хуваалцах үүднээс “Үзэгч тандаа баярлалаа” сайн үйлсийн аяныг өрнүүлсэн юм. Уг аяны хүрээнд 10 бүтээлч ажлыг хийсэн байна. Чөлөөт уран бүтээлийн Номин телевиз 2004 оны 9-р сарын 27-нд анхны эфирээ эрдэнэтчүүддээ хүргэж байсан өдрөөс хойш мэдээ мэдээллийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөр, “Аз жаргалын өглөө хөтөлбөр”, мөн “Нууц жор”, “Зочлох цаг”, “9 чулуу”, “Үзэхийг хориглоно” гэх зэрэг мэдээллийн болон энтэртаймент нэвтрүүлгүүдийг үзэгчиддээ хүргэсээр ирсэн. Шинэ шинэлэг бүхнийг санаачлан эрдэнэтчүүддээ хүргэхийг гол зорилгоо болгон тус хамт олон 10 жилийн ойн хүрээнд техник технологийн шинэчлэлийг хийж шинэ содон нэвтрүүлгүүдийг чанарын өндөр түвшинд бэлтгэн дуу дүрсний өндөр нягтралтайгаар үзэгчиддээ хүргэж эхлээд байгаа. Эрдэнэт хотын хэвлэл мэдээллийн салбарт 10 жилийн турш хүчин зүтгэж яваа Чөлөөт уран бүтээлийн NBTV HD телевизийн хамт олон Орхон аймгийн хэмээх өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нэг болох Агиймаагийн гэр бүлийг шинэ гэртэй болгож өгсөн юм. Мөн чөлөөт уран бүтээлийн НБТВ телевизийн 20 гаруй уран бүтээлчид орхон аймгийн БОЭТ-ийн цусны төвд цусаа хандивлаж эрдэнэт хүний амь насыг аврах эрхэм үйлсэд нэгдлээ. Түүнчлэн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасгийн эх баригчдын өрөөг тохижуулан өгсөн юм. Ийнхүү 10 жилийнхээ ойн баярыг үзэгчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлсэн тус хамт олон нийт 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ онд үзэгчдийн хүртээл болсон нэвтрүүлгүүдээс гадна “Амьдрал бүхний төлөө” сайн үйлсийн зорилтот нэвтрүүлэг, “Асуулт асууя” шууд нэвтрүүлэг, “Надад хэлэх үг байна” сэтгэл зүйн нэвтрүүлэг, “Хэн нь хэн бэ” ярилцлагын нэвтрүүлэг зэрэг шинэлэг нэвтрүүлгүүдийг үзэгчдийн хүртээл болгож байна.
Эх сурвалж: www.erdenetinfo.mn