Авлигатай тэмцэх газрын дараагийн дарга хэн болохыг шийдэх “хөзөр”-ийн тамга Ардын намынхны гарт байна. Учир нь тэд УИХ-д олонхи юм. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаад ял оноосон үйл явдлыг улстөрчид хоёр талтай хүлээн авч байна. Тухайлбал, нэг хэсэг нь Ерөнхийлөгч “Шүүх эрх мэдлийн шинэчлэл хийж, шүүхийг хараат бус байлгана гэсэн алхмаа зөв хийлээ” хэмээж буй. Харин нөгөө хэсэг нь “Авлигатай тэмцэх газар Ардчилсан намын “авдар”-т орлоо” гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хуулийн дагуу бол энэ бүхнийг ярьж эхлэх цаг хараахан болоогүй. Учир нь давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр гарсны дараа Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг хяналтын шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн. Тиймээс хяналтын шатны шүүх хурлын шийдвэр гарсны эцэст энэ асуудлыг ярих ёстой. Гэсэн ч улстөрчид Хяналтын шатны шүүх хурлаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулах нь тодорхой гэж үзэж байгаа аж. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилох ёстой. Харин Ерөнхийлөгч хэнийг энэ суудалд зүтгүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч хэн нэгнийг сонгох нь мэдээж. Тэрбээр Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг томилуулж чадсан. Улсын ерөнхий прокурор гэсэн хариуцлагатай албан тушаалыг Ардын намынхан Ардчилсан намд алдсан учир энэ удаад Авлигатай тэмцэх газрын даргын суудлыг тийм ч амар тавиад өгөхгүй шинжтэй. Уг нь Ч.Сангарагчаа болон Д.Сундуйсүрэн нарыг аварч үлдэх бололцоо байсан ч Ардын намынхан хөдөлсөнгүй. “Н.Энхбаярын хүмүүс” гэдэг шалтгаанаар хамгаалах оролдлого ч хийсэнгүй. Ч.Сангарагчаа Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Авлигатай тэмцэх газрын даргын суудалд заларсан нэгэн. Харин Д.Сундуйсүрэн Н.Энхбаярын хүргэн дүү юм. Тэгвэл өнөөдөр Ардын намынханд ч, Ардчилсан намынханд ч Н.Энхбаярт найр тавих сонирхол алга. Нөхцөл байдал ийм байхад тэднийг аварч үлдэх сонирхол хэн, хэнд нь байсангүй бололтой. Харин орных нь хүнийг өөрсдийн дундаас тавих өрсөлдөөн л өрнөх боллоо. Ардын намынхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг зүтгүүлсэн ч бүтэлгүйтсэн. Учир нь Ардчилсан намынхан түүнийг “Ерөнхий прокурор байхдаа улс төртэй хэт хутгалдаж, “Долдугаар сарын 1”-ний үйл явдалд хариуцлагатай хандаагүй” гэсэн үндэслэлээр улаан гэрэл асаасан. Харин Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг анх сөхөх үед Ардчилсан намынхан “УИХ-ын гишүүн асан, “Либерти” дээд сургуулийн ерөнхий захирал Б.Дэлгэрмааг тус газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Т.Билэгтийг дэд даргаар нь сонгоно” хэмээж байсан. Гэсэн ч энэ асуудал хэтэрхий сунжирсан учир тэднийг тэгсхийгээд мартаж орхилоо. Гэвч одоо намууд залуучуудаа зүтгүүлэх сурагтай. Ардын нам, Ардчилсан намд АТГ-ын даргын суудлын төлөөх марафон тун удахгүй өрнөж эхэлнэ.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин