Засаг төрийн ажилд нууцын зэрэглэл гэж байх нь зүйн хэрэг. Нэг л эвгүй хөдөлбөл улсын нууц задруулсан хэрэгт холбогдож мэдэх тул төрийн албан хаагчид ч элдэв асуултад ил тод хариулахаас татгалздаг. Засгийн газрын хувьд бүр ч адилхан. Үүнийг батлах жишээ бол хоёр ч удаагийн зээлийн шийдвэр юм. Хамгийн сүүлчийнх нь Монголын Хөрөнгийн биржийн зээл. Тус биржийг олон улсын зэрэг зиндаанд хүргэх үүрэг хүлээсэн Лондоны Хөрөнгийн биржийнхэн манай талтай “Ажлын мастер гэрээ” байгуулжээ. Үүнийхээ төлбөрт 14.2 сая ам.долларын санхүүжилт шаардсан. Тэр даруйд Засгийн газар асуудлыг хурдан шуурхай шийдэхийн тулд Монголын Хөрөнгийн биржид арилжааны банкуудаас зээл авах үүрэг өгчээ. Тэд ч тэр даруйд үүргээ биелүүлж, арилжааны зургаан банкнаас 14.2 сая ам.доллар зээлсэн байна. Зээлийн хүү 6.5 хувь. “Арилжааны банкнуудыг зээлийн хүүгээ бууруулахгүй, иргэдэд хатуурхлаа” хэмээн загнадаг атлаа Засгийн газар маань хэрэгтэй үедээ 6.5 хувийн хүүтэй зээл авч чаддагаа батлав. Та бид энд “Орон сууцны зээлийн хүүг зургаан хувь хүргэж буурууллаа шүү дээ” гээд л баярлаад байсан чинь цаанаа бол ингэж буурах нь хэвийн үзэгдэл аж. Ингэж тохиролцсонд нь арилжааны банк хийгээд Засгийн газрын үүрэг даалгаврыг онцгой сайнаар биелүүлсэн Монголын Хөрөнгийн биржийн удирдлагад талархал илэрхийлмээр. Тэд цаг алдалгүй зээлж чадсан шигээ цаг алдалгүй баяр хүргэхэд юу нь болохгүй байх билээ.
Гэтэл асуудал бишдэв. Хууль тогтоох засаглалынхаа үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой Засгийн газар маань дур мэдэн зээл авахуулсан сураг дуулдаад эхлэв.
УИХ-ын гишүүд “14.2 сая ам.долларын зээлийг 6.5 хувийн хүүтэй зээлсэн” гэдэг мэдээг дуулахтай зэрэгцээд гайхаж эргэлзэж байгаа гэж жигтэйхэн. “УИХ-д яагаад мэдэгдэж болдоггүй юм бэ. Энэ зээлийг чинь тэгээд хэн эргэн төлөх болж байна вэ” гэх олон гишүүний бухимдалд Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай хэмээх цэмцгэр залуу “Зээлийг улсын төсвөөс төлнө. Энэ мөнгийг төсвийн тодотголоор шийдэхээр тооцсон. Хөрөнгийн биржийн ашиг энэ хэмжээний зээлийг төлөх хэмжээнд хүрээгүй байгаа” гэв.
Энэ талаар УИХ-ын гишүүд гэнэт төсвийн тодотгол хэлэлцэх үеэр мэдсэн бол ёстой шоконд орох байсан нь тодорхой. Харьцангуй эрт учрыг нь олсон болохоор Х.Алтай даргын тайлбарласны дагуу улсын төсвийн тодотголд дээрх зээлийг суулгахаас өөр аргагүй. Ямар “Засгийн газар өөрсдөө мэдэж шийдвэр гаргасан юм чинь өөрсдөө учрыг нь олж төлнө биз” гээд хаячихалтай биш. Хариуцлагыг УИХ хийгээд монголчууд л үүрэх нь ийн тодорхой болов.
Гэхдээ хамгийн эхний нууц бол 25 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн хүү хэд болох, хаанаас авсан, хэзээ төлөх тухай нэг ч асуултад тодорхой хариулт байхгүй. УИХ-ын гишүүд бас л энэ тухай гэнэт сонссон тэр үедээ шоконд орж байсан. Харин цорын ганц үнэн зөв хариултыг өгч чадах Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын тухайд “Би энэ талаар олон юм яримааргүй байна. Зээл авсан. Юу ч барьцаалаагүй. Хаанаас авсныг нь хэлэхгүй. Бид Төсвийн тухай хуулийн дагуу л төсөв бүрдүүлэх үүргээ биелүүлсэн” гээд амаа жимийчихдэг. Тэгэхээр дээрх 25 тэрбум төгрөгийн зээлийн талаар үнэнийг олж мэдэх аргагүй гэсэн үг. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага Засгийн газрын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу “Хүний хөгжлийн сан”-д санхүүжилт олохоор 25 тэрбум төгрөг зээлсэн гэх мэдээллийг эс тооцвол шүү дээ. Үүнийг Сангийн сайд С.Баярцогт мөн л УИХ-ын гишүүдэд анх дуулгасан. Ардчилсан нам хийгээд Ардын намын амлалтыг биелүүлэхийн тулд зээлэх хэрэгтэй бол зээлж, дээрэмдэх хэрэгтэй бол дээрэмдэх л болчихоод байх шиг, энэ төр засаг.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд “Хүний хөгжлийн сан”-д нийтдээ 338 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөх ёстой. Үүнийхээ 25 тэрбумыг нь өнгөрсөн сард тодорхой бус эх үүсвэрээс зээлж, тодорхой бус нөхцөлөөр олж авсан. Дараагийн ээлжинд чухам хаанаас хэдэн төгрөгийг ямар нөхцөлөөр зээлэх нь бас л нууц. Засгийн газар л “Хэрэгтэй” гэж үзвэл нуугаад, зээлээд, үрээд байх ерөнхий жишиг. Янз нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд Тавантолгойн баруун Цанхийн хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийн эрх эдлэх тэрхүү хөрөнгө оруулагчаас 0.5-2 тэрбум ам.долларын урьдчилгаа авчихаар асуудал шийдэгдчихнэ гэж үзэж байж болох.
Гэвч Засгийн газар танхим дотроо ямар ч шийдвэр гаргасан түүнийгээ УИХ-тай зөвшилцөх, хэлэлцэх, мэдээлэх ёстой. Нэг ёсны Засгийн газарт нууц гэж байх ёсгүй. Нууц гэж байх ёсгүй учраас л гүйцэтгэх засаглал гэдгийг нь албан ёсоор томъёолсон байж таарна. Ийм байхад авсан зээлээ удаа дараа нууж, түүнийг нь УИХ-ын гишүүд чуулганы танхимд яг л мөрдөгч шиг асууж сураглан хэзээ хойно олж сонссондоо гайхаж, бухимдаад байх нь нэг л зохимжгүй санагдана. Төр төмөр нүүртэй байлаа, байлаа гээд авсан зээлээ нуух дадал зуршилтай болчихвол ямар хэрэг байх вэ.
Тэгээд ч зээлийг эргээд өнөөдрийн шийдвэр гаргасан улстөрчид бус ажлынхаа үр шимийг хүртэхийн төлөө зүтгэж буй жирийн иргэд л төлнө шүү дээ. Иймээс арилжааны банкуудтай хийгээд байгаа сэм найраагаа ил болговол яасан юм бэ, эрх баригчид аа. “Төрд нууц байх ёсгүй” хэмээн бөхөлзөж, бөхөлзчихөөд засгийн эрхийг барьсан даруйдаа “Төр дотроо ч нуух нууц гэж бий” гэж муйхарлаад байвал Засгийн газрын сайд нарыг сонгодог эрхээ сануулаад өгөхөд буруудахгүй юм биш үү, УИХ-ын гишүүд ээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин