Компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Компанийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцэж байна. Энэхүү төсөлд зааснаар компани бүр  жил бүр хувьцаат компанийн хурлаа хийж байхаар зааж өгчээ. Хэрвээ уг хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй байвал тодорхой хэмжээний хариуцлага хүлээхээр зааж өгсөн аж. Мөн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд дэд хороотой байхаар, дэд хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь хараат бус гишүүд байхаар зааж өгсөн юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, эздийн эрх ашгийг хамгаалах зорилгоор ямархуу заалтууд оруулж өгсөн талаар сонирхож байна. Түүнчлэн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн бараа худалдан авалтыг олон нийтэд ил тод болгох чиглэлээр ямархуу заалт тусгаж өгснийг ч сонирхож буй юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт хэлэхдээ “1999 онд батлагдсан Компанийн тухай хуульд үнэлэлт дүгнэлт өгч, сул байсан зохицуулалтыг өөрчлөх.  Хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр  учир дутагдалтай байсан эрх зүйн зохицуулалтыг түлхүү тусгаж өгсөн” гэсэн хариулт өглөө. Ер нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл доогуур урагшаа явдаггүйн шалтгаан нь хувьцаат компаниудын тайлан мэдээ цагтаа гардаггүй, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараадаггүй, удирдлагад нь оролцох боломжгүй, хууль зөрчсөн байлаа гэхэд хүлээлгэх хариуцлага сул зэрэг олон гажуудал байсан аж. Өөрөөр хэлбэл, том хувьцаат компаниудын багц барьж байгаа хүмүүст илүү эрх дарх олгож ирсэн учраас энэ бүхнийг хязгаарлаж, хуулийн цоорхойг “нөхөх” зорилгоор шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулсан гэсэн нэмэлт тайлбар мөн хэллээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос өгч байгаа мэдээллээр бол Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 300 гаруй хувьцаат компани байгаа ч өнгөрсөн онд 20 гаруй нь л ногдол ашиг тараажээ. Тийм учраас дээрх шинэчилсэн найруулгад хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж байх гэсэн заалтыг онцгойлон оруулж өгчээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж