Ц.Нямдорж: Ирэх жил бүр хэцүү байх болно

Хуучирсан мэдээ: 2014.12.30-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Ирэх жил бүр хэцүү байх болно

2014 он улирахад хоёрхон хоног үлдээд байна. Энэ цаг үед зарим УИХ-ын гишүүнээс 2014 оны улстөр, эдийн засгийн хувьд ямар жил болж өнгөрсөн, 2015 онд биднийг юу хүлээж байгаа талаар сонирхлоо.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Миний хувьд ч амьдрал явдагаараа л  явж байна л даа. Улс орны хувьд  2012 оны  сонгуулиас хойш  эдийн засаг улам доошоо саваад байна шүү дээ. Дэлхийн дахинд ч таагүй жил  байлаа. Сири, Орос Америкийн харилцааны асуудал, Сламын дайн, зодоон нүдээнээс үүдэлтэй хойд туйлд  рублийн ханш огцом унаж байна. Харин тэмдэглүүштэй нэг  үйл явдал нь Орос, Хятадын төрийн тэргүүнийн айлчлал байлаа. Дэлхий ертөнц өөрөө эгзэгтэй,  тэр тусмаа хүчний харьцаа  ийш  тийшээ  шилжих үүнээс үүдэлтэй маргаан мэтгэлзээн дээд цэгтээ хүрч  байгаа үед  хоёр орны  төрийн тэргүүн айлчилсан нь баярлууштай үйл явдал мөн. Ямар ч байсан танай хаалгыг цөм цохихгүй, тусгаар байдлыг чинь үеийн үед хүндэтгэж явна гэж хэлсэн явдал. Миний хувьд хоёр хөршийн төрийн тэргүүний  айлчлал хамгийн их ач холбогдолтой айлчлал болсон.  Айлчлалын үеэр гарын үсэг зурсан ажлууд ажил хэрэг болоход хэр удаан хугацаа шаардах нь манай талаас ажил хариуцсан хүмүүсийн идэвх санаачлагаас ихээхэн  шалтгаална. Гуравдугаарт, Н.Алтанхуягийн Засгийн газар онхолдлоо. 2012 онд  Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилогдож Засгийн газар байгуулагдаж  байхад  энэ засаг  явцгүй, нэг л өдөр унах нь цаг хугацааны асуудал байсан. Найдваргүй эвсэлтэй түнш болж байхад нь эмгэнэл илэрхийлж байсан. Эмгэнэл илэрхийлсэн  нь унана л гэсэн  үг байсан юм л даа. Тэр нь ёсоороо боллоо. Шинэ Засгийн газар байгуулагдлаа. Энэ засгийн газрын бүрэлдэхүүнд  МАН  орсонд би одоо болтол харамсаад барахгүй байгаа. Яав ч зөв шийдэл биш. УИХ цөөнхгүй  болох, Үндсэн хуулийн тогтолцоо эвдэгдэх, Засгийн ажил явуулж байгаа хүмүүс айж эмээхгүй болох, тал талаасаа амаа  хамхиж байгаад төрийн ажлыг ёс журмынх нь дагуу жиш их муу хувилбараар явуулах үүд хаалга нээгдэж байгаа явдалд их харамсч байгаа. Энэ харамсал одоо болтол тайлагдаагүй, цаашдаа ч тайлагдахгүй. Энэ бол бодлогын том алдаа байсан. Эвсэж хамтарч болох байсан. Гэхдээ нөгөөдүүлд нь  сөрөг хүчний үүргээ биелүүлэх боломж олгох хэрэгтэй байсан юм. Гэтэл хонины найр болоод УИХ-ын түвшинд Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг ямар ч бүтэцгүй боллоо. Бие даагч   гурван  гишүүний хяналт тавих гэж хаашаа харсан юм байдагийн. Зүгээр ирэх сонгуульд нэр хүндээ өсгөх төдий л зүйл. 2016 оны  сонгууль хүртэл, тэр болтол юу болох юм бол. Үндсэн хуулийн өөрчлөлт гээд яриад эхэллээ. Ямар юм гарч  ирэх юм бол. МАН засагт хамтрахдаа хэд хэдэн зүйл дээр  тохиролцож  гарын үсэг зурсан л гэцгээдэг юм. Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй, Оюутолгой, Тавантолгойн асуудлыг одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд нөхцлийг нь дордуулахгүй цаашаа явуулна гэх мэт.  Ингээд харж байхад өдөр болгон ямар нэг байдлаар тохиролцооноосоо ухарч байна.  Хуурна гэдгийг би сануулж л байсан.  Улстөрийн хувьд бол таагүй зүйлүүд их боллоо. Манай намын хэдэн нөхөд засагт орсноор ажил албатай болох бол  өчүүхэн асуудал. Энэ  Засгийн газрын онцлог нь бүгдээрээ нийлж аваад нэг гэрт амьдардаг болж байгаа юм байна.  Би саяхан зарим   гишүүдэд  шоглоом байдлаар ингэж хэлсэн юм. “Нэгдсэн Монгол” гэдэг нам байгуулаад одоо алба хашиж байгаа гишүүд нь үхэн үхтлээ УИХ-ын гишүүнээрээ байцгаая, сонгууль явуулахаа больцгооё” гэж. Ийм л найр болоод өнгөрлөө. Төрийн зарчим нэг алдагдахаараа эргэж засахад асар их хохирол амсдаг. Жишээ нь миний эхлүүлж байсан эмнэлгийг анхнаас  нь буруу тийш нь мушгиад явчихсан, эргээд эмнэлэг болгоход 5 орчим тэрбум төгрөг шаардлагтай гэсэн байх аа. Төрийн зарчим алдагдах, төрийн хүний алдаа гэдэг ийм аймшигтай хохиролтой байдаг юм. Би хүний нэр цохож үг хэлээд  байдагийн цаад учир нь энэ. Манайхан  хариуцлага ярихаараа дандаа эзэнгүй ярьдаг. Өмнөх  үе алдсан гэх зэргээр. Тэр засагт чинь сайд нар байсан л байж таараа шүү дээ. Өнөөдөр хэн ямар хариуцлага хүлээсэн юм. Огцроод л өнгөрч байна.  Ингээд л болоо. Эзэнгүй хариуцлага, эзэнгүй улстөр ийм л зүйлд хүргэж байна. Дээрээс нь энэ УИХ-ыг хошин урлагийн театр гээд ойлгочихсон, дуртай юмаа ярьдаг, засаг нь мулгуу, УИХ-нь галзуу. Ийм байхад яаж улсын ажил зөв явах вэ.  Үүнээс болж эдийн засгийн хувьд хохиролтой жил боллоо. Ирэх жил бүр хэцүү  байх болно. Амьдрал юм байна гал алдчихгүй урагшаа явах нь явчих  байх. Монгол Улс хэдэн малынхаа буянаар өлсгөлөнд нэрвэгдэггүй орон. Гэхдээ  ирэх жил төсөв санхүүгийн байдал ямар  байх юм бол,  үүнээс  үүдэлтэй улсын дотоод амгалан байдал ямар байх  бол. Миний хамгийн их санаа зовж  зүйл бол дотоод амгалан байдал. 73-ийн бүдүүн  бүлэг нийлж байгаад шударга бус зүйл нэлээн хэдийг хийвэл ард түмэн тэсэхгүй дээ. Нэхэх хариуцлага байдаг. Наад “Шударга бус” эвсэл чинь 2012 оны сонгуульд орохдоо таван хувьсгал хийнэ гэсэн байдаг. Үүний нэг нь эдийн засгийн хувьсгал. Үүн дотор нь Тавантолгойг ард түмний мэдэлд авах, Оюутолгойн 51 хувийг төр мэдэлдээ авна гэсэн заалт мөрийн хөтөлбөрийнх нь 38,  39 дэх заалтад бий. “Шударга бус” эвслийн  нэг толгойлогч  нь М.Энхсайхан. Одоо сайд болчихлоо. Тавантолгой, Оюутолгойг хэрхэн хөдөлгөхийг энэ хүн хариуцаж байнаа даа. Тэгэхээр нөгөө мөрийн хөтөлбөрийнх нь амлалт юу болох бол. Одоо тэдэнд нэг зам бий. Би хашилтанд хэлж байна шүү. “Бидний хэлж байсан таван хувьсгал худал амлалт байсан юм. Хууран мэхэлж санал авсан юм. Үүнийхээ төлөө ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэж жишээ нь М.Энхсайхан хэлчихээд цаашаа явах гарц харагдаж байгаа. Ч.Сайханбилэг гарын  үсэг зурж, засаг байгуулсан зүйлээсээ ухарвал МАН засгаас гарахаас өөр гарцгүй байдалд орно. Оюутолгой, Тавантолгой, өрийн таазын асуудал дээр хуурвал ямар нүүрээрээ засгийн ширээний ард суух юм. Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон хүмүүс энэ  гурван асуудлыг бүрэн дүүрэн хариуцах ёстой. УИХ  дахь бүлэг  тохирооны хэрэгжилтэд хатуу хяналт тавих үүрэгтэй. Худлын замаар явсан хүн хэзээд үнэнд гүйцэгддэг. Эрт үү, орой юу гэдэг нь цаг хугацааны асуудал. Одоо бол дандаа худлын замаар явж байна. Ирэх жил улстөрийн хувьд их хүнд жил  байх болов уу. Шинэ жилийн өмнө жаахан хэцүү юм ярьчихлаа. Яая гэхэв ийм л байгаа юм чинь. Ирэх жил гурван сая дахь иргэнээ хүлээж авах нь. Танай сайтаар дамжуулан Монголынхоо нийт ард түмэнд шинэ жилийн мэнд хүргэж, эрүүл, энх амгалан байхын ерөөлийг дэвшүүлж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 2014 онд хийж бүтээсэн ажил хийхтэй, хийж хэрэгжүүлж амжаагүй ажил ч ихтэй он байлаа. Улс төрийн хувьд онцлог олон үйл явдалтай жил өнгөрлөө. Чамлахаар чанга атга гэж бүтээн байгуулалтын хувьд  тэмдэглүүштэй ажил олныг хийсэн байна. Эдийн  засгийн нөхцөл байдал хэдий хүндрэлтэй байсан ч   бүтээн байгуулалтын  томоохон ажлуудын ард гарлаа. Эдийн засаг хүнд байна. Гэхдээ  байгаа боломж, нөөцөө  ашиглаж чадвал энэ нөхцөл байдлыг давж гарч чадна. Монгол Улс харьцангуй жижиг эдийн засагтай. Гэхдээ улс гэдэг утгаараа жаргал зовлон байлгүй яах вэ. Бидэнд газар нутаг, байгалийн баялаг байна. 2015 оныг  бүхлээр нь сөргөөр хараад байх шаардлагагүй. Энэ нөхцөл байдлыг боломж гэж харж, зөв бодлого явуулбал өөдрөг ирээдүй бий. Юм болгоныг сөргөөр, болохгүй  бүтэхгүй талаас  нь хардаг сэтгэлгээнээсээ салмаар байгаа юм. Хэвлэл мэдээллийн салбар ч хар барааныг олж хардаг, сенсааци хөөдөг болчихож. Үүнийгээ дагаад нийгмийн хандлага ч сөрөг болж байна. Эдийн засаг яаж ч хүндэрсэн Монголчууд өлсдөг ард түмэн биш. Тансаг хэрэглээ нь хумигдах байх,  ажил амьдрал, худалдан авах чадварт нөлөөлөх зүйл байх л  байх. Өлсөхгүй байх  аргыг нь өвөг дээдэс үлдээсэн. Хэнээс ч хараат бусаар амьдрах арга ухаан бий.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Аливаа зүйлийг  муугаар бодоод хэрэггүй. 2014 он бол ололт, амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө. Бид  тодорхой хөгжлийн зааг дээр байна. Цаашаа зөв явж чадвал үсрэлттэй хөгжилд хүрнэ Харин эдийн засгийн нөхцөл байдал хүнд байлаа. Ирэх онд буюу 2015 оны 3, 4-р сар гэхэд эдийн засаг жинхнээсээ  “гэдэс татна”.  Гадаадын хөрөнгө оруулалт зогссон, Хятадуудтай хийх гэрээний хугацаа 5, 6 сард гэж яригдаж байгаа. Ингээд нүүрсээ ухаж эхэлнэ. Ухаж байгаа компани нь өөрөө асар их өртэй учраас  эхлээд улсад мөнгө төлөхгүй, өрөө дарахыг бодно. Дээрээс нь улстөрд МАНАН татчихлаа. Шударга ёсыг ярьдаг хүмүүс асар их мөнгө төлж байж л шударга ёсны төлөө дуугардаг болох нь.  Миний хувьд өнгөрсөн хугацаанд 25 хуулийн төсөл өргөн барьсан байна. Хийсэн ажлынхаа тайланг ирэх оны эхээр товхимол болгож олон нийтэд хүргэнэ. Ирэх жил миний хувьд хуулин доторх шударга ёсны төлөө дуугарах тэмцлийн жил  байх болно.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж