2002 оноос эхлэн уламжлал болон зохиогдож ирсэн Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын нэр хүнд, оролцогчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд энэ жил нийт 12 их дээд сургуулийн 84 оюутан ганцаарчилж болон багаараа нийт 52 бүтээл ирүүлсэнээс эцсийн шатанд 34 оюутны 19 бүтээл тунаж үлдээд байна.
Монголын банкны системийн макро стресс тест, Банкны маркетингт social media-г үр ашигтай хэрэглэх нь, Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 компанид засаглал тооцох гэх мэт сонирхолтой сэдвүүдээр бэлтгэгдсэн 19 бүтээл эцсийн шатанд тунаж үлдсэн бөгөөд шилдэгүүд 5-р сарын 27-ний өдөр тодорно.
Голомт банк, Монголбанктай хамтран арав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь Монгол Улсын ирээдүй болсон оюунлаг залууст, оюуны бүтээлээ бусадтай хуваалцаж, улмаар сурсан мэдсэнээ бодит амьдралд хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг юм.
Оюутнуудын хувьд Монголын шилдэг банк-Голомт банкинд ажилд орох үүд хаалга энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд оролцож өөрийгөө таниулснаар илүү нээлттэй болдогоос гадна Голомт банкнаас гаргадаг Оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэлд бүтээлээ оруулах нь тэдний хувьд нэр төрийн хэрэг болдог юм.
Монголын ирээдүй болсон шилдэг оюутан залуусын оюуны бүтээлтэй танилцах эрх хүн бүрт нээлттэй бөгөөдбичиг баримттайгаа ирж Монголбанкны Б корпуст болох уг хурлыг болон Монголбанкны эрдэнэсийн санг үнэ төлбөргүй үзэж болно.
Голомт банкны нэрэмжит Оюутны Эрдэм Шинжилгээний бага хурлын шилдэгүүдээр хэн тодорсныг тун удахгүй бид мэдээлэх болно.